ТАНЫ ХҮҮХЭД ИНДИГО, КРИСТАЛЬ, РЭЙНБОУ АЛЬ НЬ ВЭ

access_time 2018-11-06
remove_red_eye 174

 

Индиго, кристаль хүүхдүүдийн талаар шинэ мянган гарснаас хойш ихээхэн ярьцгаах боллоо. Зарим нь энэ бол хүн төрөлхтөн шинэ эринд алхан орж байгаагийн жишээ, дэлхийн хүмүүс бид оюуны хөгжлийн шинэ шатанд гарч байна, гоц авьяастай хүүхдүүд ирээдүйд манай ертөнцийг авч явна гэхчлэн янз бүрээр тайлбарладаг болсон.

Харин нөгөө хэсэг нь жирийн хүүхдээс илүү гоц ухаантай индиго, кристаль, рэйнбоу хүүхдүүд хэт өндөр оюуны чадамжтайгаасаа болж бүхэл амьдралынхаа туршид маш их зовлон туулдаг учраас миний хүүхэд л битгий тийм байгаасай гэхчлэн өөр өөрийнхөө амны зоргоор ярьцгаана.

Тэгвэл индиго буюу монголоор уран, кристаль буюу болор, рэйнбоу буюу солонгон хүүхдүүд гэж үнэн хэрэгтээ хэн бэ. Тэд эгэл хүүхдүүд үү, эсвэл бусдаас үнэхээр онцгой юу.

Энэ асуултанд мэргэжлийн хүмүүс тэдгээр хүүхдүүд заавал бусдаас бүх зүйлээрээ онцгой байдаггүй хэмээн хариулж байна. Таны хүүхэд индиго, кристаль, рэйнбоу байлаа гээд бусад айлын хүүхдүүдээс илүү ухаантай, эсвэл том болоод мундаг эрдэмтэн, хагартлаа баяжсан бизнесмэн, суут хүн болно гэх баталгаа тун бага гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

Тэднийг хэн бэ. Үнэхээр жирийн хүүхдүүдээс илүү ухаантай юу гэдгийг ярихын тулд эхлээд ийм төрлийн хүүхдийн биеийг тойрон эргэлдэж байдаг аура буюу гэрлэн бүрхүүлийн талаар хөндөх хэрэгтэй болно.

Эрдэмтдийн судалснаар “ододын хүүхэд” гэж нэрлэдэг дээрх гурван төрлийн хүүхдийн аура бүрхүүл нь жирийн хүүхдийнхээс илүү хурц, тодоос гадна олон төрлийн өнгөөр гэрэлтэж байдаг гэнэ.

Тэднийг нухацтай судалж үзсэн нэгэн эрдэмтэн “Эдгээр хүүхдүүдээс хүчтэй долгион ялгардаг юм шиг надад санагдсан” хэмээн ярьж байна.

Хүмүүс дээрх гурван төрлийн хүүхэд хоорондоо юугаараа ялгаатай юм. Гурвуулаа адилхан бусдаас гоц, онцгой төрөл юм уу гэсэн асуултыг тавьдаг.

Тэгвэл индиго буюу уран хүүхдүүд анх 1950-аад оны үеэс эхэлж төрөх болжээ. Ийм хүүхдүүдийн аав, ээж нар бол Америкаас гаралтай хэппи урсгал, хэппи хэв маяг дэлгэрэн хөгжиж байх үеийн хүмүүс юм.

Индиго хүүхдүүдийн нийтлэг тал нь тэд шударга бус явдалтай эвлэрч чаддаггүй бөгөөд хуучинсаг уламжлал, зан заншилтай заавал их, бага хэмжээгээр зөрчилддөг. Учир нь тэд өөрсдийн гэсэн орон зай, үзэл бодол, төлөвшлийг бий болгохыг хүсдэг. Нэг ёсны амьдралын хэв маягаа хэрхэн сонгож, яаж амьдрахыгаа бусдаар заалгах дургүй гэсэн үг.

Өнгөрсөн зууны сүүлээр үүсч бий болсон феминист урсгал, үхлийн рок хөгжим зэрэг нь бүгд индиго жаалуудаас эхлэлтэй. Индигочуудын бүхэл бүтэн арми бий болсноор олон хуучинсаг зан заншлууд ор тас мартагдаж, амьдралын шинэ хэв маяг, шинэ стайль бий болсон гэж хэлж болно.

Вьетнамын дайныг эсэргүүцэн жагсаж, цэрэгт явахаас зугатааж, аав ээж, эмээ өвөөгийнхөө эсрэг том толгой гаргаж “Та нар хоцрогдсон. Одоо бид өөрөөр амьдарна” хэмээн хэлснийхээ төлөө хүмүүжилгүй, ахмад үеэ хүндэтгэдэггүй зэрэг цол гуншинг хүртэх болсон ийм дэггүй жаалууд ганц Америк төдийгүй дэлхийн хаа сайгүй төрцгөөх болсон юм. Мэдээж тэдний дотроос олны танил улстөрч, бизнесмэн, тамирчин, урлагийн од, тэр ч бүү хэл алдартай гэмт хэрэгтнүүд ч төрөн гарсан. Энэ бол индиго хүүхэд гэдгийг заавал бусдаас гоц оюун ухаантай, мундаг суут хүн гэж ойлгодог зарим хүний буруу ташаа ойлголтоос тэс өөр зүйл л дээ. Өөрөөр хэлвэл индиго гэсэн тодотголтой хүүхэд бүр заавал сайн хүн, эсвэл суут хүн болох албагүй. Тэднийг хүнээс илүү сэтгэж, бас илүү зовлон туулдаг гэдэг ойлголт ч эндүүрэл аж.

Товчхондоо бол өнгөрсөн зууны тавиад оноос эхэлж төрөх болсон хүүхдүүдийг индиго гэдэг бүлэгт хамааруулж байгаа хэрэг. Гэхдээ тэдний аура бүрхүүл жирийн хүнийхээс илүү хүчтэй болохыг эрдэмтэд аль хэдийнэ судлаад тогтоочихсныг түрүүн хэлсэн.

Харин одоо кристаль буюу болор хүүхдүүдийн талаар ярья. Өнөөх үгэнд ордоггүй, хүнд рок сонсдог дураараа жаалууд чинь өсч том болоод аав, ээж болцгоох нь дамжиггүй. Ингэснээр индигочуудын дараагийн үе буюу кристаль хүүхдүүдийн эрин үе 1980-аад оноос эхэлж, 2010 оныг хүртэл үргэлжилжээ. Индигочуудын үр удам гэсэн үг л дээ. Энэ үеийг америк, европчууд “baby boom”-чүүдийн үе хэмээн нэрлэдэг.

Индигочуудаас ялгаатай нь кристаль хүүхдүүд илүү тэвчээртэй, бусадтай нөхөрсөг мөртлөө номхон дөлгөөн зантай байдгийг судалж тогтоожээ. Зарим эрдэмтэд тэднийг индигочуудын сул талуудыг засварлаж чадсан бие хүн хэмээн тодорхойлдог. Мөн бусдаасаа илүү гоц толгойтой болор хүүхдүүдийн эцэг, эхийг судлаад үзэхэд дандаа индиго аав, ээж нар байж таарсан нь нэгийг хэлээд байгаа юм шүү.

Гурав дахь бүлэг буюу солонгон жаалууд. Рэйнбоу төрлийн хүүхэд 2010 оноос хойш мэндлэх болсон гэж үздэг. Өмнөх хоёр бүлгээсээ ялгаатай нь солонгон хүүхдүүдэд эрдэмтэд ихээхэн найдвар тавьж байгаа юм. Учир нь тэд уран болон болор хүүхдүүдээс илүү ухаалаг, шударга, алхам тутамдаа шударга бусыг эсэргүүцэж, үнэнийг илчлэх хандлагатай байдгийг судлаачид анзаарчээ.

Зарим нэг шашны зүтгэлтнүүд рэйнбоу хүүхдүүдийг манай дэлхийг шударга бус явдал, өлсгөлөн, гуйланчлалаас аврахаар ирсэн хэмээн тайлбарлах нь бий. Гэвч 2010 оноос хойш төрсөн хүүхдүүд хүн төрөлхтөний амьдралыг эрс өөрчилж чадна хэмээн итгэхэд бэрхээс гадна тэдний түрүүч нь одоо л дөнгөж долоо, найман нас хүрцгээж байгааг хэлэх хэрэгтэй.

Тиймээс солонгон хүүхдүүдийг шинжлэх ухааны үүднээс үргэлжүүлэн нарийн судлах шаардлагатай. Тэднээс ялгарах гэрлэн бүрхүүл, долгион индиго болон кристальчуудынхаас ч илүү хүчтэй болохыг эрдэмтэд тогтоочихсон. Дээр нь ихэнх рэйнбоучуудын аав, ээж нар нь бас л кристаль хүмүүс байж таарсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Үүнийг уншиж байгаа таны хүү, эсвэл охин ч бас “ододын хүүхэд” мөн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс та дараахь зан чанаруудын аль нь хүүхдэд тань илэрч буйг сайтар анхаараарай.

Индиго хүүхдээс илэрдэг зан чанарууд:

-Тэдний хүсэл нь их хүчтэй. Баргийн хүний хүсдэггүй зүйлийг хүсдэг. Дээр нь зөрүүд

-Өөрийнхөө эрх мэдэл, орон зайтай холбоотой асуудалд байнга санаа зовниж, ил тодоор хөндөж тавьдаг

-Бүтээлч сэтгэхүй сайтай бөгөөд ямар нэгэн шинэ зүйлийг оролдоод үзэхээс шантарч няцдаггүй

-Тэгсэн мөртлөө өдөр тутмын амьдралд заавал тохиолддог хэцүү бэрх зүйлийн өмнө амархан шантарч, тэвчээргүй загнадаг

-Өсч том болох тусмаа аав, ээжээсээ өөрийнхөө орон зайг шаардаж, бие даасан амьдралтай байж, өөрийнхөөрөө шийдвэр гаргахыг хүсч эхэлдэг

Кристаль хүүхэд харшил өвчинд өртөмтгий:

-Ихэнх кристальчуудын эцэг, эх нь индиго хүмүүс байдаг

-Олон талын өндөр мэдрэмжтэй, сэтгэлийн хөөрөл ихтэй

-Аливаа шийдвэрийг гаргахдаа өөрийнхөө дотоод зөн совин, мэдрэмждээ тулгуурладаг

-Ихэнх кристальчууд тэгэхээс тэгэх гэж ямар нэгэн харшлаар заавал өвддөг бөгөөд ер нь аливаа өвчинд их мэдрэмтгий

-Ганцаараа цагийг өнгөрөөх дуртай

-Нөхөрлөлдөө үнэнч байж чаддаг

-Хүмүүсийн хооронд сайн эвлэрүүлэн зуучлагч байж чадахаас гадна бусдад мэргэн зөвлөгч болдог

-Хөгжимд их дуртай. Боломж л гарвал хөгжим сонсох сонирхолтой

-Бага насны хүүхэд, амьтныг их хайрладаг. Тэдэнтэй аль болох ойр байх дуртай

-Тав тухтай байдлыг эрхэмлэдэг

-Загварын чиг хандлагад дурламтгай

Солонгон жаалууд оройтож хэлд ордог:

-Өөрийнхөө байх ёстой газрыг маш сайн мэдэрч хэзээ, хаана гарч ирэх ёстойгоо андахгүй мэддэг

-Нөхөрсөг, бас бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл сайтай

-Индиго, кристальчуудыг бодвол зовлон бэрхшээлийн өмнө хамаагүй тэвчээртэй

-Эргэн тойрныхоо хүмүүст үргэлж санаа тавьж, зовлонг нь хуваалцдаг

-Далд мэдрэмж нь өндөр хөгжсөн

-Дотоод эрчим хүч, биеийн энерги бусдаас илүү

-Ихэнхи солонгон жаалууд оройтож хэлд ордог. Гурав буюу түүнээс дээш насандаа

-Хүмүүс өөрийг нь хэрхэн ажиглаж, юу гэж бодож, бас ярьж байгааг огтхон ч тоодоггүй

Эдгээр гурван төрлийн “ододын хүүхэд”-ийг олон хүн хүн төрөлхтөнийг муу муухайгаас аварч, хайр энэрэлийг түгээхээр заяагдсан хэмээн итгэж найдсаар байгаа ч тэднийг шинжлэх ухааны үүднээс судалж үзсэн эрдэмтэд үүнтэй төдийлөн санал нийлэхгүй байгаа юм. Судлаачид индиго, кристаль, рэйнбоу хүүхдүүдийг бидэнтэй адилхан жирийн л хүмүүс хэмээн тодорхойлж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549