РИЧАРД ГИР: ХҮНД ТУСАЛДАГГҮЙ ЮМ ГЭХЭД ГАЙ БОЛОХГҮЙ АМЬДРАХЫГ БУДДИЗМ ГЭНЭ

access_time 2018-11-06
remove_red_eye 109

 

“Сэтгэлийн дархлаа” уншигч танд дэлхийн буддын шашны тэргүүн, XIV Далай лам Данзанжамцын ярилцлагыг хүргэсэн. Харин энэ удаад түүний шавь, алдарт жүжигчин Ричард Гирийн Lufthansa Magazin сэтгүүлийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

Та бол 1980-аад онд Холливудад төдийгүй дэлхий дахинд хүчтэй гарч ирсэн жүжигчдийн нэг. Тэр үед та хэр удаан жүжигчин мэргэжлээрээ ажиллана гэж боддог байсан бэ?

Би заримдаа эргэн тойрноо хараад боддог л доо. Өнөөдрийн байдлаар би Холливудын хамгийн хөгшин залуусын нэг. Харин тэр цаг үед би ид шижигнэсэн галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу байж. Чи намайг хэр удаан жүжигчин мэргэжлээрээ ажилласныг өөрөө мэдэж байгаа биз дээ.

Өөрийнхөө тоглосон киног үзээд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Би тоглосон кинонуудаа байнга үзээд байдаггүй л дээ. Гэхдээ би нэг удаа томоохон кино наадамд очих үеэрээ хийх ажилгүй байсан тул өөрийнхөө тоглосон бүх киног нөхөж үзсэн юм. Тэгээд их сэтгэл хөдөлж, догдолсон. Өөрийнхөө тоглосон дүрүүдээс нинжин сэтгэл, хайр, уучлал, ойлголцлыг олж харсан гэж хэлж болно.

Та гал халуун, тачаангуй дүр нэг бусыг бүтээж байсан. Тэр дүрүүдээ хараад ичих мэдрэмж төрж байв уу?

Үгүй дээ. Өнөөдрийн Ричард бол 40 гаруй жилийн өмнөх залуухан “пацаан” биш. Би амьдралын үнэ цэнэ, хэтийн төлөвийнхөө талаар маш их бодож тунгаадаг болсон.

Тэгээд та өнгөрсөн хугацаанд яг юуг сурч, юуг мэдэж авсан юм бэ?

Хүмүүс дор бүрнээ өөрийгөө бие даасан нэг том махбодь гэж боддог. Уг нь ч хүн гэдэг өөрсдийн бие сэтгэл, махбодь дотроо өөрөөрөө оршин тогтнох чадвартай тийм амьтан л даа. Гэвч бид бүхэн бие биенээсээ, бас хорвоо ертөнцөөс зарим нэг зүйлээрээ дэндүү их хамааралтай гэдгээ ойлгох ёстой.

За тийм байж. Тэгвэл өнөөгийн дэлхий дахины улстөр биднийг айдас, үндсэрхэг үзэл гэх мэт шинэ аюул занал руу түлхэж байгааг та юу гэх вэ?

Хүмүүний амьдрал өөрийн гэсэн тойрог замаар эргэлддэг. Бид өмнөхөөсөө улам хөгжиж, дэвшиж байгаа гэж би боддог шүү. Гэхдээ хөгжил дэвшил бүр харилцан адилгүй, өөр өөр байдаг. Уг нь бол ардчиллын үйл явцад манай гаригийн хүн бүр тэгш эрхтэй, бас идэвхтэй оролцох ёстой юм. Гэвч бодит байдал дээр тийм биш байгаа нь үнэхээр харамсалтай.

Та ч бас улстөр лүү явж орсон байх аа. Сүүлд тоглосон “Оройн зоог” кинондоо та конгрессийн гишүүний дүрийг бүтээсэн шүү дээ?

Миний бүтээсэн улс төрчийн дүрээс илүүтэйгээр улстөрд хувь нэмрээ оруулж буй хүмүүс, ялангуяа чадалтай, мундаг эмэгтэйчүүд зөндөө байна шүү дээ. Минийх бол зүгээр л нэг киноны дүр.

Ричард та эмэгтэйчүүдийг манай ирээдүй гэж хэлэх гээд байна уу?

Эмэгтэйчүүд юу бодож явдгийг би мэдэхгүй ч тэдний оролцоо улстөр, нийгмийн амьдралд ямар чухал болохыг би сайн мэднэ шүү. Эмэгтэй хүний халуун дулаан энерги энэ хорвоод хэчнээн хэрэгтэйг надаар хэлүүлэхийн хэрэг байна уу гэж эрчүүдээсээ асуумаар байна.

Та бол Дээрхийн гэгээн далай ламын шавь, буддист хүн. Буддизм таны амьдралд үнэхээр аз жаргалыг авчирж чадсан уу?

Мэдээж тэгэлгүй яахав. Миний өрөвч сэтгэл, бас амьдралын утга учрын талаарх ойлголт маань буддизмд итгэснээр эрс өөрчлөгдсөн.

Тэгээд өөрчлөгдсөн гэдгээ өдөр тутмын амьдралдаа хэрхэн мэдэрдэг юм бэ?

Тогтмол дадлага хийх замаар мэдэрдэг. Энэ нь нэг ёсны төгөлдөр хуур тоглохтой адилхан юм. Та нар төгөлдөр хуур хөгжмийнхөө ард суугаад Моцартыг ч юм уу, эсвэл өөр хэн нэгний хөгжмийг тоглохдоо хуруунуудаараа дамжуулан өөрөө өөрийгөө мэдэрдэггүй гэж үү. Төгөлдөр хуурч хүн өдөр бүр хуруунуудынхаа булчинг хөгжүүлдэгтэй адилхан би өдөр болгон буддизмын тусламжтайгаар сэтгэлийнхээ сүнслэг булчинг хөгжүүлдэг.

Та тэгээд өдөр тутам яг юу хийдэг юм бэ?

Би амин хувиа хичээж, довооо шарлуулахгүйгээр бусдад тусалж, бусдыг энэрэн нигүүлсэхийг хичээдэг. Үгүй ээ. Бүр арга ядахад би тэдэнд тусалж чаддаггүй юм аа гэхэд хэн нэгэнд гай болохгүйгээр амьдарч сурахыг хүсч байна. Энэ бол буддизм. Жинхэнэ буддист, бясалгагч хүн бол эхлээд бусдын зовлонг мэдэрдэг. Дараа нь тэр мэдэрч байгаа хүнийхээ зүрх сэтгэлийг илэн далангүй нээж, зовлонг нь хуваалцаж чаддаг юм.

Алдарт жүжигчин Ричард Гир Холливудын толгод дахь энэ тансаг гэртээ үнэхээр сүнслэг орчинд байж чаддаг хэрэг үү?

Мэдээж би Холливудыг орхих талаар нэг бус удаа бодож байсан. Гэвч жүжигчний мэргэжил бол миний хүсэл мөрөөдөл, амьдралын минь утга учир юм. Дээр нь би энэ ажлаараа хангалттай орлого олж байна. Буддист хүн гэхээрээ мөнгөгүй, ядуу байх ёстой биш биз дээ. Чи өөрийнхөө хариуцаж хийж буй ажлыг чин сэтгэлээсээ хангалттай хийж чадах л юм бол түүнийхээ үр шимийг заавал хүртэх болно гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: Tusgal.mn 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549