Украины авлигын эсрэг тэмцэгч эмэгтэй хүчилд түлэгдсэний дараа шархаа даалгүй нас баржээ

access_time 2018-11-06
remove_red_eye 199

 

Украины авлигатай тэмцэгч эмэгтэй хүчилд түлэгдсэний улмаас шархаа даалгүй өнгөрсөн Ням гарагт нас баржээ.

Катерина Гандзюк хэмээх энэ эмэгтэй Хар тэнгисийн боомт Херсон хотын оршин суугч бөгөөд хотынхоо улс төрчид, цагдаагийн албан хаагчдын хээл хахуулийн хэргийг мөрдөж байсан юм.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр түүнийг гэрээсээ гарч явах үед нэгэн эрэгтэй литр орчим хүхрийн хүчил цацжээ.

Гандзюкийн биеийн 30 хувь түлэгдэж, эмнэлэгт хэвтсэн ч эмнэлгийн орон дээрээс тэмцлээ үргэлжлүүлж, биед нь халдсан этгээдүүдийг илрүүлэхийг уриалсаар байсан юм.

Тэрээр 11 удаагийн мэс засал хийлгэсний дараа шархаа даалгүй нас баржээ.

Украины ерөнхийлөгч Петро Порошенко халдлага үйлдэгчдийг олж, хатуу шийтгэхийг уриалсан юм. Одоогоор таван этгээд сэжиглэгдэж баривчлагдсан ч захиалагч нь илрээгүй байна.

Ням гарагийн орой Киев хотын төвд олон зуун хүн цугларч, алуурчныг илрүүлэхийг эрх баригчдаас шаардсан юм. Даваа гарагт Евро комиссийн гишүүд Гандзюкийн хэргийг нухацтай шалгахыг Украины удирдагчдад уриалжээ.

Гандзюк халдлагад өртдөг өдөр Украины өөр нэг авлигын эсрэг тэмцэгч Виталий Олешко нуруундаа ангийн буугаар буудуулж амиа алдсан юм.

Тэр төрөлх Бердянск хотынхоо засаг захиргааны авлига, хээл хахуулийн хэргийн талаар шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

Гандзюк нь Херсон хотын зөвлөлийн гишүүн байсан бөгөөд хотын захиргааны албан тушаалтан Артем Антошчукыг бүх гэрээ, төслөөс 3 хувийн авлига авдгийг нь илчилж байв.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549