ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ 90 ХҮРТЛЭЭ ХҮН ТЭРЭГ ЖОЛООДСОН БУУРАЙ

access_time 2018-11-05
remove_red_eye 202

 

БНХАУ-ын иргэн Бай Фан Ли Тяньжин хотод гурван дугуйтай хүн тэрэг жолооддог байжээ. Тэрбээр 74 нас хүрээд тэтгэвэрт гарч нутаг буцсан юм. Гэтэл тэндхийн хүүхдүүд ядуу зүдүү учир сургуульд сурахын оронд тариалангийн талбайд ажиллаж буйг хараад сэтгэлээр их унасан аж. Фан Ли өөрт байсан сүүлийн 5000 юанийг нутгийнхаа сургуульд хандивлаад, тэдгээр хүүхдийн сургалтын төлбөрийг олохоор Тяньжин хот руу буцжээ. Фан Ли 90 нас хүртлээ хүн тэргээ жолоодож, энэ хугацаанд 300 гаруй хүүхдэд сургалтын төлбөр, амьжиргааны мөнгө өгч, боловсролтой болоход нь нийт 43 мянга гаруй ам.доллар хандивласан тухай баримт байдаг.

Тэрбээр амьдралынхаа турш хүн тэргээрээ дэлхийн экваторыг 18 удаа тойрсонтой тэнцэх зам туулсан юм.

Нэгэн сэтгүүлч Фан Лигээс тэтгэлэг авсан оюутнуудыг хайсан боловч хүүхдүүдтэй авахуулсан нэг л зураг олджээ. Тэрбээр “Би хүүхдүүдийг хичээлдээ шамдан ажилд орж, сайн хүн болоод, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж л хүсдэг” хэмээсэн юм. Фан Ли БНХАУ-ын төв телевизээс шалгаруулдаг “Хятад үндэстний сэтгэлийг хөдөлгөсөн 10 хүн” жагсаалтад нэр дэвшсэн удаатай ч хийсэн зүйлээ олонд зарлаж, шагнуулахыг хүсдэггүй хүн байлаа.

43200 ам.доллар олох гэж Бай Фан Ли 75 настайгаасаа эхлэн 18 жил өдөр бүр хүн тэрэг жолоодсон. Түүний хүүхдүүд нас дээр гарсан аавыгаа амрахыг ятгаж үзсэн ч нэмэр болоогүй гэв. Фан Ли үүр цайхаас эхлээд шөнө дунд хүртэл ажиллаж, орлогоо нямбайлан хадгалдаг байжээ. Тэрбээр бичиг үсэг сурах боломжгүй байсандаа харамсаж явдаг учир шинэ үеийнхний боловсролд санаа тавьдаг тухайгаа ярьсан байна.

Оюутнуудад илүү их мөнгө хандивлахын тулд Фан Ли Тяньжинийн Галт тэрэгний буудлын ойролцоо нэг өрөө ноорхой байшин руу нүүж, 1995 онд хүнсний мухлаг нээж, үйлчлүүлэгч хүлээн 24 цаг зогсдог болсон.

“Гэр бүлдээ бага анхаарч, өөрийгөө бүр мартсанд нь бид эхлээд дургүйцсэн ч түүний тусалдаг хүүхдүүд үнэхээр өрөвдөлтэйг хараад аавынхаа сэтгэлийг ойлгож эхэлсэн” хэмээн түүний охин өгүүлсэн юм. Фан Ли энгийн хоол идэж, хог дээрээс олдсон хувцас өмсдөг болжээ. “Би хувцсанд мөнгө зарцуулж үзээгүй, өмсөж байгаа хувцас минь бүгд бусдын хаягдал. Миний гутал, оймс өөр байгаа биз дээ” гэж байсан удаатай.

Хүүхдүүд нь аавынхаа муудсан хувцсыг шинээр сольж өгөхөд тэрбээр дургүйцэж, илүү зүйлд мөнгө зарсан гэж бухимддаг байж. Фан Ли үүнийгээ “Талх бол тариаланчдын хөдөлмөр, гэтэл хүмүүс хог мэт хаяж байна. Харин би тэр талхыг идэж, тариаланчдын хөдөлмөрийг үнэлэхийн сацуу хог хаягдлыг ч багасгаж байна” хэмээн тайлбарласан удаатай. “Тэр хүүхдүүдэд хандив өгөх өдрийг нэг ч удаа мартаж байгаагүй. Мөнгө өгөх бүрт нүүрэнд нь аз жаргал тодорч, “Би үүргээ биелүүллээ” гэдэг байсан” гэж тус санд ажилладаг Сюй Сюсян сэтгүүлчдэд хэлсэн юм.

82 настайдаа Бай хүн тэргээ жолоодохын зэрэгцээ Боловсролыг дэмжих сан байгуулжээ.

“Бай Фан Ли өвөө анх 1996 онд манай сургуульд хандив өгөхөөр ирсэн. Сурагчдад өгсөн мөнгөний зоос бүрт хүч хөдөлмөр, хөлс шингэснийг бид ойлгосон учир 80 настай буурлаас мөнгө авахыг хүсээгүй. Гэвч тэр эсэргүүцээд, цаашид ч хандив өгөхөө амласан юм. Фан Ли өвөө үнэхээр өгөөмөр хүн байсан, бид түүнийг чин сэтгэлээсээ хүндэлж явдаг” хэмээн Тяньжинийн Нанкай их сургуулийн ажилтан Лю ярилаа. Бай Фан Ли эл сургуульд 4000 гаруй ам.доллар хандивласан бөгөөд түүнийг өвдөхөд оюутнууд цаасаар 99 тогоруу хийн, залбирч байсан юм.

Фан Ли 90 настайдаа Тяньжинийн Яохуа дунд сургуульд сүүлийнхээ хандивыг өгөөд, хүн тэрэг жолоодох чадалгүй болсон учир сүүлийн хэдэн сар галт тэрэгний буудлын зогсоолд тавьсан автомашинуудыг манаж, 500 юань л цуглуулсан тухайгаа оюутнуудтай хуваалцжээ. Тэрбээр бага мөнгө хандивласан гэж чин сэтгэлээсээ гэмшиж “Би ажил хийх тэнхээгүй болжээ, дахиж хандив өгч чадахгүй нь” хэмээсэн юм. Тухайн үед түүний охин Бай Жин Фэн аавыгаа “чадахгүй” гэж хэлэхийг анх удаа сонслоо гэж байсан. Ноён Фан Ли 93 насандаа уушгины хорт хавдар өвчний улмаас хорвоогоос хальсан билээ. Түүнийг оршуулах ёслолд хүндэтгэл үзүүлэхээр хэдэн зуун хүн цугласан юм.

Эх сурвалж:peak.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549