Японы жижигхэн арал ор сураггүй алга болсноор хил хязгаар нь хумигдахад хүрчээ

access_time 2018-11-02
remove_red_eye 101

 

Японы хойд хэсэгт оршдог, хүн амьдардаггүй жижиг арал живж алга болсноор усан хил нь тодорхой хэмжээгээр хумигдахад хүрээд байна.

Хоккайдо арлын хойд эргийн Саруфуцу тосгоноос 500 метрийн зайд Эсанбэ Ханакита Кожима хэмээх нэртэй уг арал оршдог байжээ.

Японы гол арлуудыг тойроод нийт 158 ийм эзгүй, жижиг арал оршдог бөгөөд Японы засгийн газар хил хязгаараа батлахын тулд тэдгээрт 2014 онд албан ёсоор нэр өгч, бүртгэж байв.

Хэдийгээр хүн амьдардаггүй боловч эдгээр арлуудын ач холбогдол өндөр. Тухайлбал зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Хятадын тал Дяоюү гэдэг) арлыг Япон, Хятад улсууд булаацалдан маргалддаг.

Живсэн Эсанбэ Ханакита Кожима арал нь Оростой маргаантай Курилын арлуудын баруун талд оршдог тул Токиогийн хувьд чухал эзэмшил нь байсан юм.

Арлыг алга болсон тухай анх есдүгээр сард Саруфуцу тосгонд очсон зохиолч Хироши Шимизүд нутгийн иргэд мэдээлжээ. Тэр загасчидтай хамт арлын байсан газарт завиар очоод алга болсныг мэдсэн байна.

Нутгийн ахмад загасчны ярьж байгаагаар аралд хамгийн сүүлд 10 жилийн өмнө очсон ба сүүлд навигацийн систем тус арлын орчимд усан дор хад чулуу байгаа гэж анхааруулдаг болсон тул завиар явахдаа тойрдог болсон гэнэ.

Японы эргийн хамгаалалтынхны мэдээлж байгаагаар 1987 онд хэмжихэд уснаас дээш арлын хамгийн өндөр цэг 1.4 метрт байжээ. Өвөл бүр Охотскийн тэнгисээс үлээдэг хүчтэй салхи, мөсний нүүдэл тус арлыг элээж, живэхэд хүргэсэн байх гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Олон улсын хууль тогтоомжинд арлыг тодорхойлохдоо “усаар хүрээлэгдсэн, далайн усны их түрэлтийн үед ч ил байдаг, байгалийн замаар үүссэн хуурай газар” гэдэг ажээ.

Одоо Японы хилийнхэн арлын байгаа газарт хайгуул хийж баталгаажуулна. Хэрвээ живсэн нь батлагдвал Японы усан хил энэ хэсэгт хагас километрээр хумигдах ажээ.

Япон бол сүүлийн үед арлаа алдсан ганцхан улс биш. Өнгөрсөн сард болсон Валака далайн хар салхины дараа Хавайн арлуудын ойролцоох зарим жижиг арал живж алга болсноор АНУ газрын зургаа шинэчлэхэд хүрсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549