О.Ононтунгалаг: Ники Минажийг арван цаг хүлээлээ

2018-11-01 677 0

 

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо “Майкал Винсента” академид нүүр хувиргагчаар ажилладаг Ооноо буюу О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэрбээр Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт, Женнифер Лопес, Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana,Meghan Trainor, Дэдди Янки нартай хамтран ажиллаж, нүүр хувиргалтыг хийсэн юм.

Тэгвэл тэрбээр энэ удаад Америкийн рэппер, дуучин Оника Таня Мараж буюу Ники Минажийн шинэ клипинд нь нүүр хувиргагчаар ажиллажээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Хэдэн долоо хоногийн өмнө Ники Минажийн клипэнд ажиллах санал ирсэн юм. Цалин сайтай болохоор л зөвшөөрлөө. Өмнө нэг ажиллаад хаширчихсан байсан юм. Ялангуяа бүжигчид, нүүр хувирагч нарыг хүн биш юм шиг л харьцдаг болохоор хамтарч ажиллахыг боддоггүй байлаа. Гэхдээ бодит амьдрал дээрээ тэр юу ч биш гэвэл та итгэх үү? “FEFE” дуун дээр хамтран ажилласан ч Никкигийн хэсгийг ямар ч гадны хүнгүй бичнэ гээд биднийг оруулаагүй юм. За яах вэ гээд нээх тоосонгүй би болон үс янзалдаг охин бид хоёрыг орохыг зөвшөөрсөн ч биднийг түүн рүү харахыг хатуу хориглоод хана руу харж зогсохыг хүссэн юм. Түүнийг дуулж бүжиглэж байхыг харсан хүн шууд ажлаасаа халагддаг гэдэг нь үнэн юм байна лээ. Тухайн үед нээх тоосонгүй Никкитэй удаан ч ажиллаагүй тэгээд дууссан.

Гэтэл энэ удаа бол ёстой арай л дэндүү. Бид түүний “Good form” гэсэн дууны клипийг энэ сарын 29-ны өдрийн 12:00 цагаас эхэлж бичээд 30-ны өглөөний 08:00 цаг гэж дууслаа. Миний амьдралдаа ажилласан хамгийн удаан клип байлаа. Никки бүхэл бүтэн арван цаг хоцорч ирээд гурван цаг бэлэн болж байна гэж алга болоод 12 бүжигчин өсгийтэй гутал дээр түүнийг гурван цаг хүлээж байгаа юм. Хувцас солилт бүрт 1-2 цаг болоод байхаар бид чинь яаж хурдан дуусах билээ дээ? Энэ удаа өрөөнөөс хөөгдөж барьсангүй ээ ашгүй. Харин түүний хажуугаар гарахдаа нүд рүү нь харахгүй доош харж явна гэдэг бол бас л хэцүүхэн даваа байлаа” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ