Ж.Мөнхбат: Б.Батзоригтой хамт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч хариуцлага хүлээх ёстой

access_time 2018-11-01
remove_red_eye 158

 

ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүд өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь илчлэгдээд буй. Энэ хүрээнд сөрөг хүчнээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан, ЖДҮХС тойрсон асуудлаар тодорхой арга хэмжээ авахыг шаардаад байсан юм. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдсан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татав.

Тус намын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Б.Батзориг оо, уучлаарай. Сайдын албан тушаалаа өгөхөөс өөр арга алга. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ч бас авсан зээлээ эргүүлэн төл. Та нар өмнө нь ч гэсэн ийм байсан гэж барьцах хэрэггүй. Одоо энэ асуудал дээр хариуцлага ярихаас өөр арга байхгүй. Өөрийн албан тушаалын давуу байдлаа ашиглан, зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудтай ч хариуцлага тооцох болно” гэж мэдэгдсэн байна.

Б.Батзориг сайдын хувьд бүлгийн хуралдааны үеэр ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй, гишүүдийн үгийг сонсоод, нам суусан аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мягмар гаригт Б.Батзориг сайдтай уулзаж, “Ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө гаргачих” гэж ятгасан боловч өнөөх нь таг чиг алга болсон гэх мэдээлэл буй. Тиймээс бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Батзориг сайдыг огцруулах болсноо зарласан аж. Улмаар бүлгийн хурлын дараа ХХААХҮ-ийн сайд “Би сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байна” гэсэн утга бүхий 20 секундын хэвлэлийн хурал хийсэн юм.

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн “Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санал, ЖДҮХС, ирэх оны төсөвтэй холбогдож орж ирсэн. Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ хэлэлцэх үүргийнхээ дагуу хэлэлцэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах саналын гол буруутан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар. Энэ сайд нартайгаа хариуцлагаа тооц. Ер нь ЖДҮХС тойрсон асуудалд нэр нь холбогдож байгаа бүхэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ зээлээ банкаар дамжуулан олгох асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сангуудыг бүхэлд нь шалгана. Би хувьдаа мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Бид Ерөнхийлөгчийн гаргасан саналуудын зөвийг нь дэмжээд явах учиртай. Ирэх оны төсөвт мал ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсвүүдийг суулгаж өгөхөд анхаарна” гэж дуугарсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ үгийг МАН-ын зарим гишүүд өлгөн авч,“Илтэд Ерөнхийлөгчийн талд орлоо” гэж шивэр авир хийгээд өнгөрчээ.

Мөн тус намын бүлгийн хуралдааны үеэр “ЖДҮХС-гаас гишүүдийн ХОМ-д тусгагдсан, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх компаниудад авсан, өгсөн зээлүүд олон нийтэд зарлагадчихлаа. Харин баримтаар гэрчлэгдэхгүй ч шууд байдлаар нөлөөлж, зээл авсан гишүүд өчнөөн бий. Өөрийн албан баланк дээр төслийг нь дэмжихийг хүссэн албан тоотуудыг Б.Батзориг руу явуулсан гишүүн олон байна” гэсэн асуудлыг ч сөхөж ярьжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа Засгийн газар хуралдаж, Б.Батзориг сайдын асуудал болон ирэх оны төсвийн төсөлд оруулж болох зарим өөрчлөлтүүдийг хэлэлцсэн байна. Үүнээс өмнөхөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийж таарахаар байна” гэсэн мэдээллийг албан бусаар өгсөн юм.

Ямартай ч Засгийн газраас өнөөдөр Б.Батзориг сайдыг албан үүргээс нь чөлөөлөх тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлэх чигтэй байна. Үүнтэй зэрэгцээд Төрийн ордонд “У.Хүрэлсүхийн танхимаас дахиад хэд хэдэн сайдыг нь сугална” гэсэн яриа ч хөвөрсөөр байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549