Ц.САРАНТУЯА: ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ, АЙХ АЮУЛГҮЙ, СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАХАД ЖИЛИЙН ЗАСАЛ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

access_time 2021-02-11
remove_red_eye 185

Арга дом, зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн зурхайч Ц.Сарантуяа гуай жил бүр тухайн жилийн зурлага, суудлын засал, аливаа муу бүхнээс сэргийлэх арга дом, засал үйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Энэ удаад төмөр хэмээх үхэр жилийн зурлага, суудал, зурхайд зурагддаг бусад онцгойлон анхаарах заслуудын талаар ярилцлаа.

– Гарч байгаа жил зурхайн зурлагад хэрхэн бууж байна вэ?

– Юуны өмнө Монголын ард түмэндээ хандаж гарч буй төмөр үхэр жилдээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын ард түмэн бид сайхан сэтгэлийг дээдэлж, эв түнжингээ эрхэмлэж, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолдоо улам илүү анхаарч амьдрах ёстойг дуулгая. Мөн албан байгууллага, хувь хүнийхээ амьдрал, бизнес, аж ахуй компаниа хөгжүүлье гэсэн сэтгэлээр үхэр жилээ угтаж аваарай гэж сануулья. Ум сайн амгалан болтугай. Цөөвөр хэмээн ёгтлон нэрлэсэн төмөр үхэр жил залуус буюу дунд суудалтнуудад сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу хэмээн зурхайл буусан. Төрийн хууль цаазны хэрэгжилт сулрах тул хүн бүр дор бүрнээ анхаарч, өөртөө итгэлтэй байх нь зүйтэй. Улс орны эдийн засаг миний харж байгаагаар наймдугаар сараас хойш сайжирна. Улс орны хэмжээнд хямрал тэмцэл гарах нигууртай. Эрүүл мэндийн асуудал их сайн. Харин хүйтэрч цас зуд ихтэй болох шинжтэй. Малчиддаа хандаж хэлэхэд малдаа сэтгэл гаргах жил байна шүү. Хадлан бордоо сайн гарна. Малын эмчтэйгээ байнгын холбоотой байж малаа өвчнөөс сэргийлж чадна. Яагаад би мал яриад байна гэхээр хонь, үхэр өвдөх шинжтэй харагдаж байна. Тийм учраас малчид маань төр засагт найдаж гараа тосож суухаар өөрсдөө амин зуулга болсон малаа анхаарч тэжээлээ сайн бэлдээрэй.

– Цаг агаарын хувьд хатуухан жил болох нь уу?

– Жилийн улирлын эхэн сард өндөр уулын бүсэд цас бороо орох,  жилийн эхээр буюу 2, 3 сард салхи ихтэй, тал нам дор газруудад өвлийн саруудад болон улирлын адаг саруудад гантай хуурай, зун намрын саруудад газрын ургац арвижиж, тариа хүнсний ногоо хадлан өвсний гарц элбэг мөн урт намар болох юм билээ. Тийм учраас буян хурж, мал эд агуурс дэлгэрэн түгж гарч байна энэ жилийн зурхайд.

-Та жил бүр онцгойлон анхаарах суудал заслыг ялгаж хэлж өгдөг. Энэ удаад…?

– Энэ жил шороо, огторгуй,  уул, хий суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн засалтай.  Гэр бүлийн хоёр нэг  суудалд давхцаад суучихсан бол суудлыг салгуулна. Суудал өнцөгдсөн хүмүүс болон огторгуйн үүд, газрын үүд, хагацлын үүд нээгдсэн гэж байвал ач холбогдол өгч анхааран засуулах учиртай. Нашиддүрсэмийн засалтай гэж байвал жилийн болон сарынхыг хийлгэхээс өөр аргагүй. Нашиддүрсэм гэдэг нь үхэх, өвдөх, хүүр гэсэн утгатай. Мөн жил бүр зайлшгүй хар нохойны ам аль зүгт байгааг мэдэх ёстой. Үхэр жилийн хар нохойны ам бүтэн жилийнх нь зүүн хойд зүгт, сарынх нь зүүн зүгт, өдрийн нь зүүн зүгт байгаа.  Хөдөө гадаа явах бол үүнийг маш сайн анхаарч тохирсон засал үйлийг хийгээд явахад гэмгүй. Нохой, морь, хонь жилтэй хүмүүс өвдчих гээд байгаа учраас засал номоо сайн хийлгээрэй. Гахай жилтэн жилийнхээ заслыг сайн хийлгэ. Газрын үүд нээгдэнэ гэдэг чинь зүгээр нэг сонсоод өнгөрөх зүйл биш. Тоохгүй явж байтал намар, өвлийн аль нэг сард  муу зүйл тохиодог. Бар жилтэй хүмүүст энэ жил логор ургасан. Логор ургахаар сэтгэл санаа маш тогтворгүй болдог. Гэг гог үүдний тотгор гэж бий. Хүн болон малд маш муу. Заавал нэг юм авч явчих гээд байдаг. Сүлд тэнэх тааруу. Есөн нүдний засал гэж байгаа. 9, 18,27, 36, 45, 54, 63, 72 насанд засуулдаг. Тоохгүй яваад байвал насанд цөв ордог. Энэ мэтээр олон зүйл бий. Өнөө цагт хэн ч хаанаас ч тухайн жилийг зурхайн олон зурлагаар зурж буулгасныг мэдэж таних хэрэгжүүлэх боломжтой болсон. Бүр болохгүй бол өөрийн зам мөрийг тэгшилж ажил амьдралыг даатгаж явдаг лам багш, онгод шүтээн, зурхайч засалчид очоорой.

– Хүн бүрийн засал номын талаар хэлж өгөөч?

– Бид нар төрсөн жилээрээ насаа тулгаж хэлж заншиж. Энэ бол маш буруу. Монголчууд эрт дээр үеэсээ ялангуяа эмэгтэйчүүд  насаа нэмэх эсвэл дарж хэлдэг байсан.  Тийм учраас би үүнтэй уялдуулаад хий насаар нь буюу билгийн тооллоор хөөж хэлж өгч байна. Ингээд хий насаараа тооцож суудлын засалаа хийлгээрэй. Гал суудалд билгийн насаар эрэгтэй 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настнууд, эмэгтэй 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93,101 настнууд орно.  Шороон суудалд билгийн насаар эрэгтэй 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90 настнууд,  эмэгтэй 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 62, 68. 76, 84, 92 настнууд суусан байна. Төмөр суудалд билгийн насаар эрэгтэй 3, 11,19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91 настнууд, эмэгтэй 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67,75, 83, 91, 99 настнууд суусан байна. Огторгуй суудалд билгийн насаар  эрэгтэй 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92 настнууд, эмэгтэй 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настнууд суужээ. Ус суудалд билгийн насаар эрэгтэй 5, 13,  21, 29 , 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настнууд, эмэгтэй 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настнууд суужээ. Ууланд суугсад үхэр жилд газар лусаа тахиулах, газар лустай болгоомжтой харилцах хэрэгтэй. Уул суудалд билгийн насаар эрэгтэй 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настнууд, эмэгтэй 8, 16,24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настнууд ууланд суужээ. Модон суудалд билгийн насаар эрэгтэй 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настнууд, эмэгтэй 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настнууд орно. Хий суудалд билгийн насаар эрэгтэй 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настнууд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эмэгтэйчүүд хий суудалд суусан. Хий суудалд суугсад тахилгатай газар, өөрсдийн төрсөн нутгийн газар лусыг тахиж шүтээрэй. За ингээд хүмүүс минь жилийн заслыг  сайн хийлгээрэй.

-Хаврын тэргүүн сарын шинийн 8, 15-ны өдрөөс өмнө засал номоо хийлгэх ёстой гэдэг. Энэ жил цар тахлаас үүдсэн хөл хорионы өдрүүд үргэлжилнэ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

– Миний хувьд заслаа сайн хийлгээрэй гэхээс биш заавал шинийн хэдэнд хийлгэ гэж хэлэхгүй ээ. Энэ маскны ажил юу болох нь уу. Миний харж байгаагаар дөрөвдүгээр сарын 15-20 хооронд энэ вирус устаж маскнаасаа салах болов уу. Бүхэл бүтэн 365 хоног байна шүү дээ. Яагаад ингэж хэлж байна гэхээр би өнөөдөр үхэр жил хаяанд ирчхээд байхад хулгана жилийн засал хийгээд сууж байна. Ажил төрөл нь бүтэхгүй болохоор хийлгэхээс өөр аргагүй болоод өнөөдөр ирж байна хүмүүс. Тэгэхээр заавал нэг өдөр сударт баригдаж энэ өвчний хажуугаар өөрсдийгөө стрессдүүлээд яах вэ. Хөл хорио сулрахаар засал номоо жам ёсоор нь сайхан хийлгэчих. Бүр болохгүй бол утсаар, фээсбүүкээр өөрсдийнхөө таашаадаг номтой хүмүүстэй холбогдож арга дом хийлгээрэй.

-Өөр та юуг хэлж захимаар байна?

-17 дугаар жарны төмөр үхэр жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан ороорой. Битүүнийхээ орой Лхам бурхан ирдэг тул айл болгон 19.30 цаг гэхэд тогтого, тагт дээрээ гурван ширхэг цас, мөс тавиарай. Шинийн нэгний өглөө нар ургахтай уралдан мөрөө зөв гаргаарай. Дараа нь тэнгэр эцэг, дэлхий ээжтэйгээ хоёр гараа алдлан мэндэлж, эмэгтэйчүүд цай сүүний дээжээ өргөөрэй. Улмаар жилдээ сайн сайхан явья, айх аюулгүй, амар тайван, өвчин зовлонгүй амьдрая гэвэл тэр жилийнхээ суусан суудлынхаа заслуудыг сайн хийлгээрэй.

– Сүсэгтэй олон маань тантай шууд холбогдож болох уу?

-Бололгүй яах вэ. Асууж тодруулах зүйл байвал миний 99913643 дугаар руу залгаж болно.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549