“Нэг ч автомашинд QR код олгохгүй”

access_time 2021-02-04
remove_red_eye 114

Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, битүүний өдөр (2021.02.11)-өөс эхлэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих санал гаргасан. Цагаан сарын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм. Хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд хяналт тавьж, нэг ч автомашинд QR код олгохгүйг албаныхан мэдээллээ.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос энэ талаар тодруулахад “Хатуу хөл хорионы үеэр нэг ч автомашинд QR код хэвлэж олгохгүй” гэв.

Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хөл хорионы үеэр улсын онцгой объект, зайлшгүй үйл ажиллагаа явуулах үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно. Давхар хяналт тавина гэж ойлгох хэрэгтэй. Орон нутгаас Улаанбаатар руу, хотоос орон нутаг руу хөдөлгөөн хязгаарлана.

Хүндэтгэн үзэх зайлшгүй хшалтгаантай, эрүүл мэнд болон буяны ажилтай иргэдийг хатуу хянан шалгаж, Улаанбаатар хотоос гаргаж, оруулна. Мөн хоёрдугаар сарын 11-ний өдрөөс өмнө Улаанбаатарт байгаа орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг зохион байгуулна” гэв.

Өмнө нь Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл тогтоосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “Хатуу хөл хорионы үеэр зөвшөөрөлтэй 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага ажиллана. Эдгээр байгууллагын ажилчдын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын тулд өмнөх шигээ QR кодоор зорчино” хэмээн нийслэлийн Онцгой комиссоос мэдэгдэж байв.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549