С.Эрдэнэ: Бүхнийг хаяад дараагийнхаа сонгууль руугаа явлаа гэж байгаа бол хариуцлага тооцох эрх нь сонгогчдын л гарт байгаа 

2021-01-28 548 0

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Амь биеэ хайрлахгүй зүтгэнэ гэж байсан Ерөнхий сайд өөрөө энэ шийдвэрийг гаргалаа. Манай улсад үнэхээр тэр улстөрийн соёл нь тогтчихож байгаа энэ үү, эсвэл энд өөр ямар нэгэн ашиг сонирхол байгаа хэрэг үү?

-Засгийн газар огцрох гэдэг тийм хялбар асуудал биш. Засгийн газар өөрөө улстөрийн асар том үүрэг хариуцлага хүлээж, Монгол төрийн гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж байдаг том асуудал шүү дээ. Өмнө нь олон Засгийн газар янз бүрийн шалтгаанаар л огцорч байсан. Энэ удаад арай л өвөрмөц маягаар огцорчихлоо. Огцорхоор улстөрийн гарцаагүй, айхавтар нөхцөл байдал үүссэн байдал харагдаагүй. Жагсаал болсо. Жагсаал дээр иргэд Улсын Онцгой комист, дунд шатны хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцоочээ гэсэн шаардлагыг л тавьсан. Яахав Ерөнхий сайд өөрөө хариуцлага хүлээнэ, удаа дараагийн алдаа гаргалаа гэж зарлалаа. Мөн өөр институци хоорондын зөрчил байсан юм уу гэмээр үйлдлүүд харагдлаа. Цаг хугацаа харуулна л даа. Өнөөдөр ямар шалтгаанаар, яагаад огцорчихов гэдэг дээр бодит дүгнэлт хийх боломж бүрдээгүй байна. Нэгдүгээрт, дараагийн Засгийн газрын бүтцийг харах хэрэгтэй. Хоёрдугаарт, яригдаад байгаа асуудлууд шалгагдаад хууль хяналтын байгууллагуудаар үнэн худал нь тогтоогдох хэрэгтэй.

-Засгийн газар огцрох, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эв түнжингүй болсон асуудалд Рио Тинтогийн нөлөөлөл байв уу?

-Бид аливаа зүйл дээр болгоомжтой хандах хэрэгтэй л дээ. Дэндүү сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаад байх нь зохимжгүй гэж хувь хүн болоод улстөрчийн зүгээс боддог. Анх Оюутолгойн асуудал хөндөгдөхөд хамгийн их ярьж хэлж, асуудал дэвшүүлж байсан хүний нэг нь би. Гэхдээ би төслийг эсэргүүцэж байгаагүй. Энэ төсөл Монгол Улсад ашигтай хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй юу гэвэл мэдээж тийм. Үүнтэй би 100 хувь санал нэг байна. Гагцхүү харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг хийж, улс оронд хэрэгтэй хөтөлбөр төслийг хэрэгжүүлж байж л улс орон хөгжинө.

Анх шаардлага тавьж байх үед хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа нь тодорхойгүй, ТЭЗҮ байхгүй. Говьд цэвэр усны нөөцийн ашиглалт ямар байх вэ гэдэг тодорхойгүй байлаа. Оюутолгой өөрөө бүлэг орд. Бүлэг ордын нэг хэсгийг л яриад байдаг. Бүхэлд нь огт ярьдаггүй. Миний хувьд энэ мэтчилэн олон зүйлийг тодорхой болгож байж төсөл хөтөлбөрөө эхлүүлээч ээ гэх шаардлагыг тавьж байлаа. Харамсалтай нь их яаруу сандруу энэ төсөл хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хэрээрээ маргаан дагуулж, өнөөдрийг хүртэл дуусаагүй л явж байна. Тэр битгий хэл огцорч байгаа Засгийн газартай хүртэл холбож, таамаг яриа ярьж байна л даа. Энэ бүхнийг өнөөдөр дүгнэж цэгнээд ярихад эрт байна. Хувь хүний нэр төрийн асуудлаас эхлээд Оюутолгойн Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл гээд олон асуудал хөндөгдөнө. Дээрээс нь Монгол Улсын эдийн засгийн ирээдүйг, гадны хөрөнгө оруулагчид манай улсыг зорих  эсэхийг шийдсэн чухал асуудал учраас хөнгөн хуумгай хандаж болохгүй. Ултай суурьтай болгоомжтой хандах ёстой. Ер нь Оюутолгойн төслийг зогсооно гэдэг байж боломгүй зүйл. Энд маш олон хүний амьдрал, маш их аж ахуй нэгжийн үйл ажиллагаа яригдана. Цаашдаа далд уурхайн ашиглалт эхлэх юм бол Оюутолгойн өгөөж улам л илүү болно шүү дээ.

-Ерөнхий сайдыг жагсаал цуглаан болж үймсэн энэ боломжийг ашиглан суудлаа өгч Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх нь гэсэн таамаг хөвөрч байгаа. Энэ хэр үнэний ортой бол?

-Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших үү эс дэвших үү гэдэг нь тэр хүний хувийн асуудал. Нийгэм, эдийн засгийн хүндрэл үүссэн энэ цаг үед бүхнийг хаяад дараагийнхаа сонгууль руу явлаа гэх зэргээр янз бүрийн таамгууд гарч ирж байна л даа. Үнэхээр тийм л юм бол дараа нь хариуцлагаа тооцно л биз дээ. Бүх боломж зөвхөн сонгогчдын л гарт байгаа. Манайхан ч өөд уруу үгүй шүүмжилж байгаад л нэг харахад сонгочихсон байдаг даа. Тэгэхээр үүсээд байгаа уур амьсгалыг туйлын гэж хэлэхэд хэцүү.

-Энэ удаад Ерөнхий сайд, Засгийн газар тэр чигээрээ огцормоор байна гэсэн бол сөрөг хүчний бүх гишүүд битгий огцрооч ээ гэлээ. Өмнө нь сөрөг хүчин нь л Засгийн газар, эрх баригчдын хариуцлагагүйг хэлж, ярьж огцруулах гэж шаарддаг байсан бол энэ удаад харин ч эсэргээрээ байла. Үүнийг юу гэж ойлгох юм бэ?

-Ардчилсан намын даргын хувьд би энэ байр сууриар АН-ын УИХ-ын гишүүдтэй санал солилцоогүй. Яг үнэндээ саяын чуулган дээр АН-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурь дундаас С.Одонтуяа гишүүнийх арай ондоо байлаа. Туршлагатай улстөрчийн хувьд тэрээр байр сууриа зөв илэрхийлсэн. Бусадтай нь би 100 хувь санал нийлээгүй. Ерөнхийлөгчтэй ч тэр санал нийлээгүй. Сөрөг хүчний хувьд байж боломгүй зарчимгүй байр суурь илэрхийлсэн. Нэгэнт эрх баригч намынх нь лидер өөрөө огцоръё, хариуцлага хүлээе гэж байхад “Чи огцорч болохгүй. Чи зугтаж байна” гэх. Эцсийн дүндээ тэдэнд ямар ашигтай байсан юм бэ. Нэгэнт эрх баригч намын лидер өөрөө улстөрийн шийдвэрээ гаргачихаад байхад шүү дээ. Өчнөөн хүний амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдсан. Тэр бүхнийг сөрөг хүчин яагаад яриагүй юм.

Надад бол хоёр өнцөг харагдсан. Нэг нь “Ийм хүнд хэцүү үед хаяад зугтаалаа”, нөгөөх нь “Уг чи гайгүй байсан шүү дээ, яагаад явах гээд байгаа юм бэ” гэсэн сонин уур амьсгал. Улстөрчийн зүгээс харахад энэ хүн явчихвал тодорхой хэн нэгэн хүн, нэг эрх мэдэлтэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг давхар хөндөгдөх гээд байгаа юм шиг санагдсан.

Ерөнхийлөгчийн хувьд ийм байр суурь илэрхийлсэн нь их сонирхолтой. АН-ын гишүүд Ерөнхийлөгчийнхтэй ижил байр суурьтай, яг түүний хандлагаар дуугарсан нь бие даасан улстөрчид мөн үү биш үү гэсэн эргэлзээг улам тодруулж өгсөн. Би үүнд туйлын харамссан. Сөрөг хүчний лидерүүд, гол хүнд ачааг үүрч яваа улстөрчид маань ийм сонин, ойлгомжгүй байр суурь илэрхийлсэн нь АН-ын олон мянган гишүүдэд таалагдаагүй гэж харж байгаа.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Сү.Батболдыг нэр заан энэ хүний бүлэглэл төрийн эргэлт хийлээ, түүхэнд үлдэх хар өдөр тохиож байна гэж хэлсэн. Төрийн тэргүүн ийм байр суурь илэрхийлж байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлсэн нь лавтай. Үүнд та юу хэлэх вэ?

-Төрийн эргэлт болж байгаа юм бол, болчихсон юм бол таслан зогсоох үүрэг нь Ерөнхийлөгчийнх. Хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авах л хэрэгтэй шүү дээ. Таслан зогсоох л ёстой. Түүнд хар өдөр боллоо, төрийн эргэлт болж байна гэж яриад сууж байх эрх байхгүй. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзэж байгаа бол өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд асуудлыг тавих л ёстой. Зүгээр нэг таамаг дэвшүүлээд сууж байх эрх тэр хүнд байхгүй.

Дээрээс нь хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудлыг хөөргөж, сэвж ярьдагаа болих хэрэгтэй. Би өөрөө янз бүрийн хэлмэгдүүлэлт, харлуулалт, гүтгэлгэнд байнга өртөж байдаг хүний хувьд тийм зүйлийг дэмждэггүй. Хэн нэгэн хүний хэлсэн хариуцлагагүй үг, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний гүтгэлгээр хүнийг харлуулж, өнөөх шудрага бус хууль, шүүхийн хонгилоор оруулж хилсээр ялладаг байдал цаашаа битгий гүнзгийрээсэй. Энэ явдал зогсоосой. Монгол Улсад шудрага ёсыг тогтооё л гэж байгаа бол шудрага шүүх, шудрага хуулийг л бий болгох шаардлагатай байна.

-Дараагийн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг сонгохоор эрх баригчид санал нэгдсэн. Хариуцлага хүлээж огцорсон танхимын гишүүн бүр тушаал дэвшээд Ерөнхий сайд болчихож байна л даа.

-Одоогоор шинэ Ерөнхий сайд, түүний кабинет ямар бүтэцтэй гарч ирэхийг хэлж мэдэхгүй байна. Урьдчилж дүгнэлт өгмөөргүй байна. Асуудлуудад хэрхэн яаж хандах вэ гэдгийг харж л байя.
-Ардчилсан нам хоёр толгойтой юм шиг болчихлоо гэх шүүмжлэл байгаа. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

Ардчилсан намд ямар ч хоёр толгой байхгүй. Ардчилсан нам нэг л удирдлагатай, бүтэц зохион байгуулалттай байгаа. Нэгдүгээр сарын 14-нд Дээд шүүх хуралдаж хууль бусаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэл дээр тэмдэглэгдсэн байсан Ц.Тувааныг хасах шийдвэр гаргасан. Мөн АН-аас ирүүлсэн зарим цахим бүртгэл дээр бүртгүүлэх хүсэлт, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт зэргийг бүртгэхээс татгалзсан. Миний хувьд Улсын дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны хуралдаанаараа гаргасан 01 тоот тогтоолоор АН-ын хууль ёсны дарга хэвээрээ байгаа. Үүнийг хэн ч цуцлаагүй, хэн ч өөрчлөөгүй. АН-ын 2017 оны VII Их хурлаар намайг АН-ын дарга гэж баталсан тогтоол ч мөн хүчин төгөлдөр байгаа. Эрх бүхий байгууллагуудын гаргасан тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ. Тэр дагуу ямар ч итгэмжлэлгүйгээр АН-ыг төлөөлөх эрхээ эдлээд явж байгаа хууль ёсны намын дарга нь би юм.

-Тэгэхээр саяын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт хүчингүй байх нь ээ?

-Үндсэн дүрмийг өөрчлөх гэж өргөн барьсан ч Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзчихсан. X Их хурал ч хууль бус. Одоо хуучин дүрэм хүчин мөрдөгдөж байгаа гэсэн үг.
-Тэрхүү дүрэмд “Нам сонгуульд ялагдсан тохиолдолд намын удирдлагууд хариуцлага хүлээж огцрох ёстой” гэж заасан байдаг. Та эргээд намын дарга болчихоор тэр зохицуулалт яаж хэрэгжинэ гэсэн үг вэ?

-Үндсэн дүрэмд 3.10.1.1 гэсэн заалт бий. Мөн долдугаар сарын 3-нд гарсан Үндсэн дүрмийн хорооны 16 тоот тогтоол тайлбар байгаа. Үндсэн дүрэмд “Үндсэн дүрмийн хорооны гаргасан дүрмийг зөв хэрэглэх шаардлагын үүднээс гаргасан тайлбарыг Үндсэн дүрмийн заалтын нэгэн адил хүчин чадалтайд тооцно” гэж үздэг. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 3-нд гарсан “Одоогийн намын дарга дараагийн намын даргад эрх үүргээ шилжүүлнэ, энэ нь Үндсэн дүрмийн зөрчилгүй байна” гэсэн Үндсэн дүрмийн хорооны тогтоол өнөөдөр хэвээрээ байгаа. Тэгэхээр Үндсэн дүрмийн намын дарга шууд огцорно, аль нэг дэд даргад тамгаа түр хадгалуулна гэдэг заалт Үндсэн дүрмийн тайлбараар хүчингүй болчихож байгаа юм.

-Дараагийн намын даргаа хэзээ сонгох вэ. Үндсэн дүрэмдээ өөрчлөлт хийх үү?

-Үндсэн дүрэмд юу гэж заасан байна түүнийгээ л хэрэгжүүлэх ёстой. Нэг үгээр хэлбэл, Үндсэн дүрэмд заасны дагуу АН-ын дараагийн даргын сунгаа зарлагдана. Сунгаагаар намын дарга сонгогдоно. Шинэ намын дарга гарч ирээд эрх үүргээ хэрэгжүүлээд цааш явна. Үндсэн дүрэмд жижиг, сажиг өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.

Улсын дээд шүүхийн нэгдүгээр сарын 14-ны хурлын тогтоол албажиж хараахан ирээгүй байна. Албажаад ирэх юм бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмийнхээ хүрээнд дараагийнхаа ажлуудыг зохион байгуулна. Мөн цар тахлын онцгой нөхцөлтэй уялдаад намын даргын сунгаа явуулахад хүндрэлтэй байгаа. Гэхдээ бид Үндсэн дүрмийн зарчмаасаа ухрахгүй. Нэгдүгээр сарын 14-нд хуралдсан АН-ын хуралдаанаар АН-ын бүх шатны намын байгууллагын хурлыг цахим хэлбэрээр хуралдуулах журмыг баталсан. Энэ утгаараа үүнээс өмнө хуралдаж байсан АН-ын цахим хурлууд бүгд хүчингүй. Учир нь ямар ч Үндсэн дүрмийн зохицуулалтгүй хурлууд хийж байсан.

О.Ариунцэцэг

Холбоотой мэдээ