Хэн нь хэн бэ: Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг хэн, хэн удирдаж байна вэ

access_time 2021-01-26
remove_red_eye 224

Нийгмийн нөхцөл байдал, иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжийн асуудал болон тухайн дүүрэгт хийж, хэрэгжүүлэх бүхий л ажлыг гарын арван хуруу шиг мэдэж байх ёстой хүн бол дүүргийн ИТХ-ын дарга нар билээ. Тэд дүүргийнхээ иргэдийн асуудлыг шийдвэрлэх, сонсох, хэрэгжүүлэх гол үүргийг гүйцэтгэдэг менежерүүд юм. Мөн төсөв санхүүг ч хаана, юунд, хэрхэн зохицуулах вэ гэдэг гол шийдвэр тэднээс гарах учиртай. Тиймээс нийслэлийн есөн дүүргийн “гал тогоо”-г барьж буй  ИТХ-ын даргаар хэн хэн томилогдсон, ямар туршлагатай талаар тоймлон хүргэж байна.

 

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд:

-Сүүлийн найман жилд Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулав. Ардчилалд үнэнч иргэд бол сүхбаатарчууд билээ. Хөгжлийн хувьд бусад дүүргээс дээгүүр эрэмбэлэгддэг бөгөөд орон сууц, барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд чамлахааргүй өөрчлөгдөж чаджээ. Тэгвэл дүүргийн хөгжил, ард иргэдийн амьдралд  хэрэгтэй шийдвэр, хийж хэрэгжүүлэх ажлыг цаашаа үргэлжлүүлэх, ардчилалд хайртай дүүргийг амжилтад хөтлөх хүн нь Б.Энхболд гэх улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй залуу  юм.

Түүний хувьд “Нам эвслийн ялгаа гаргалгүй  ажил үүрэгтээ хариуцлагатай хандана. Нэгэн зорилгоор Сүхбаатар дүүргийг хөгжүүлнэ” хэмээн ажлаа авсан даруйдаа мэдэгдэж байлаа. Б.Энхболдын тухайд улс төр, нийгмийн бүх салбарт ажиллаж үзсэн туршлагатай нэгэн. Төрийн алба тэр дундаа ИТХ-ын туршлага арвин.

Хүнтэй ажилладаг салбарт хамгийн ойрхон буюу Хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бөгөөд Жорж Масоны Их сургууль, МУИС-ийг бакалавр, АНУ-ын Индианагийн Их сургууль, Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийг тус тус Магистр зэрэгтэй төгсчээ.

Түүнчлэн, НИТХ-д нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлд гар бие оролцон идэвхтэй ажиллаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэчлэлийг нэг шат ахиулахад идэвхийлэн ажилласан туршлагатай боловсон хүчин юм. Өөрөөр хэлбэл, томилгоо нүдээ олсон нь энэ юм.

 

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа:

 

-2020 оны Орон нутгийн сонгуульд хамгийн их маргаан дагуулсан дүүрэг бол нийслэлийн Баянгол дүүрэг билээ. Ялалтаа баталгаажуулахын тулд МАН-ынхан МАХН-аас төлөөлөгч “урвуулж”, олонхийг бүрдүүлэн удирдлагуудаа томилсон байдаг. Хэдийгээр иргэд эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй юм. Гэхдээ энэ дүүрэг цаашид хөгжих, өөрчлөгдөх, бүтцийн шинэчлэл хийх эсэх нь Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагаас хамаарна. Тус дүүрэг эмэгтэйчүүдэд харьцангуй боломж олгодог дүүргийн нэг бөгөөд улс төр, нам эвслийн хэрүүл маргаанаа хойшлуулж, нэгэн зүгт чиглэж чадах эсэх нь Б.Сэмжидмаагаас шалтгаалах билээ. Б.Сэмжидмаа нь улс төр судлаач, багш мэргэжилтэй.

Улсын багшийн Их сургууль, МУИС, Удирдлагын академийг тус тус төгссөн бөгөөд Багшийн ажлаар гараагаа эхэлж, 2009 оноос улс төрд орж иржээ. Мөн тухайн оноос эхлэн Баянгол дүүргийн намын ажлаар дүүрэгтэйгээ холбогдож, өнөөдрийг хүртэл 12 жилийн хугацаанд эгэл иргэдийн дунд орж ажилласан гэсэн үг. Дан ганц намын гишүүд гэхгүйгээр иргэн нэг бүртэй ойрхон ажиллаж, тэр тусмаа эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдүүдийн төлөө ажиллаж ирсэн туршлагатай учраас асуудал, бэрхшээл хаана байгааг, юунд мөнгөө зарцуулах ёстойг, ДИТХ-ын төлөөлөгч бүхний шийдэх асуудал юу болохыг хамгийн сайн мэднэ хэмээн нам нь, мөн төлөөлөгч нар нь түүнд итгэв. Эмэгтэйчүүд ажиллаж байсан дүүргийг эмэгтэй удирдагч залгамжилсан учраас илүү хөгжүүлэх нь түүний үүрэг, даалгавар болов.

 

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр:

Тэрбээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-аас 2016 онд нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Энэ удаад ч МАН-аас Баянзүрх дүүрэгт  нэр дэвшиж ялалт байгуулжээ. Дүүргийн нийт төлөөлөгчдийн саналаар ИТХ-ын даргын үүрэгт ажлыг хариуцан ажиллаж байна. А.Баярын хувьд хоёр дахь удаагаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон учир нь иргэдийн аж амьдрал, дүүргийнхээ асуудлыг мэдэх биз. Гэвч хэр мэдрэмжтэй, зохион байгуулалт сайтай менежер вэ гэдгийг хэлэхэд эрт байна.  Дүүргийн хувьд хог ихтэй, хөгжил хоцрогдсон, 21 дүгээр зуун гарчихаад байхад л тог цахилгаангүй, ядуурал ихтэй байгаа нь худлаа биш.

Мөн дүүрэг нь албан ёсны эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгтэй болох  сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг хангах, зам засварын үйлчилгээнд анхаарах зэрэг саналыг уламжилж байгааг дуулгая. Нийслэлийн төвийн зургаан дүүргээс Баянзүрх хөгжлөөрөө хоцрогдож байгааг сануулах нь илүүц биз ээ. А.Баярын тухайд хос мэргэжилтэй аж. Тодруулбал, Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн бол 2008 онд МУИС-д элсэж эрхзүйч мэргэжил эзэмшжээ. Төрийн албанд ажилласан туршлага байхгүй ч хувийн хэвшил тэр дундаа компани удирдах арга барил эзэмшсэн бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж, УИХ-ын гишүүний дэмжлэгтэй энэхүү албан тушаалд ирсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат:

-Бүлтэнхүүгийн Мөнхбат нь Увс аймгийн унаган иргэн. Тэрбээр, 1991 онд ЗХУ-ын Одесса хотын Ус цаг уурын дээд сургуулийг Гидроинженер мэргэжлээр төгссөн бөгөөд хожмоо 2002 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрхзүйч мэргэжлээр дүүргэжээ. 1991 онд сургуулиа төгсөж ирсэн даруйд “Хүрд” ХК-ид ТУЗ-ийн дарга, албад хариуцсан захирлаар 10 гаруй жил ажиллажээ. Б.Мөнхбатын тухайд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч нэгэн аж.

Улс төрийн сонголтын тухайд 2008 оноос эхлэн Нийслэлийн МАН-д Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан намтартай. Улс төрийн намаа шинэчлэх хөгжлийн хороо буюу Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл нартай ойр нөхөрлөж явсан гэдэг. Угтаа, Т.Аюурсайханы ойрын хүн гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй. 2012 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн ИТХ-д сонгогдон ажилласан гэхээр 3 дахь удаагаа дүүргийн иргэдээ төлөөлөх эрхийг тэр авсан гэсэн үг. Гэр хороолол ихтэй, дагаад ядуурал, ажилгүйдэл ихэссэн, гэмт хэргийн гаралт тэр дундаа хүүхдийн хүчирхийллийн асуудал нэн тэргүүнийх болсон Чингэлтэй дүүргийг өөрчлөх, төсөв санхүүг зөв зохион байгуулж хуваарилах үүрэг түүнд оногдож байна. Ажлаа хэр хийдэг вэ гэдгээ төлөөлөгчийн хувиар бус ИТХ-ын даргын хувиар харуулах үүрэг увсын унаган хүүд оногджээ.

 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан:

-Хан-Уул дүүрэгтэй 2016 оноос ажил, амьдралаа холбож буй Г.Батсайхан нь МУИС болон Герман улсад мэргэжил эзэмшжээ. Мөн Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежерийн мэргэжилтэй бөгөөд Гаалийн салбарт олон жил ажилласан аж. Хувь, хувьсгалын ажлыг 2016 он хүртэл хийсний дараа тухайн оны Орон нутгийн сонгуулиар дүүргийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон юм.

Үүнийхээ дараа дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2020 оны сонгуулиар дахин нэр дэвшин сонгогдож, ИТХ-ыг даргалж буй юм. Хан-Уул дүүргийн тухайд гэр хороолол бага. Нийслэлийн элит хэсэг оршин суудаг гэдгээрээ илүү онцлог учраас цөөхөн хэдхэн хорооныхоо зам дэд бүтэц зэргийг шийдэх, мөн “эко дүүрэг” гэх тодотголоо илүү харуулах шаардлага түүнд тулгарч байна.

 

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар:

-Хэнтий нутгаар овоглодог Б.Хуягбаатарын тухайд УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Сумъяабазар нарын бие төлөөлөгч, туслахаар ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр, Хөдөө аж ахуйн их сургуулийг экологич мэргэжлээр дүүргэсэн бол “Жонон” дээд сургуулийг Бизнесийн удирдлага, Удирдлагын академийг Төрийн удирдлагаар тус тус төгсчээ.

Төрийн албанд ажилласан туршлага хангалттай биш ч Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн сургагч багш болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн намын дэд даргаар тус тус ажиллаж байсан нэгэн юм. Өөрийн сонгогдсон наймдугаар хороонд “Гүнжийн нүдэн нуур” төслийг санаачилж хийлгэсэн гэдгээр нь Б.Хуягбаатарыг сонгинохайрханчууд мэддэг гэхэд болно. Тэгвэл энэ удаа түүнд дүүргийнхээ гал тогоог базаж, төсөв санхүүг хариуцах, хамгийн их ядууралтай дүүргийг өөрчлөх ажил оногджээ.

 

Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд:

-Т.Отгонболд нь Завхан аймгийн уугуул. 2001 онд “Улаанбаатар-Эрдэм Оюу” дээд сургуульд Банкны эдийн засагчаар суралцахаар ирж, нийслэлийн суугуул иргэн болсон аж. Түүний хувьд эдийн засагчаар суралцаж төгссөний дараа Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, Төрийн захиргааны менежментээр тус, тус төгсжээ. Харин ажлын гараагаа “Монгол шуудан” банкинд нягтлан бодогчоор эхлүүлж, эдийн засагч, салбарын эрхлэгч болтлоо дэвшиж ажилласан бөгөөд Багануур дүүрэгтэй 2008 оноос ажил, амьдралын замаа холбосон байх юм. Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын ойрын буюу “итгэлт хүн” хэмээн тодорхойлдог.

Багануур дүүргийн ЗДТГ-т хэлтсийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг тус дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаанд орлогчоор нь ажиллаж байжээ. Багануур дүүргийг дагуул хот болгох, тэр дундаа 30 орчим мянган иргэний аж амьдралд ирэх дөрвөн жилд ямар өөрчлөлт хийх, төсвийг хэрхэн зохистой ашиглах нь эдийн засагч залуугийн хийх нүүдлээс шалтгаалах учиртай юм. Багануур дүүрэг өрсөлдөх чадвараар цаг ямагт доогуур үнэлэгдэж байсан бөгөөд дүүргийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх чиглэлд төсвөө зөв хуваарилж ажиллах нь НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболдын эхний  ажил байх нь ээ.

 

Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа:

Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотын бодлого төлөвлөгөөнд Налайх дүүрэг зүй ёсоор багтаж байгаа. Тус дүүргийн хөгжлийг илтгэх томоохон дорвитой бүтээн байгуулалт, дэд бүтэц ховор бөгөөд дөрвөн жилд эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, агаарын бохирдол, зам харгуй, орон сууц, ажлын байр, сургууль, цэцэрлэг гээд хүний хэрэгцээнд шаардлагатай бүхнийг нь цогцоор бий болгосноор дагуул хотын хэмжээнд үнэлэгдэнэ.

Улаанбаатар хот утаанаасаа салчихсан байхад Налайх эсрэгээрээ утааны голомт болсон гэх шүүмжлэл ч бий. Тиймээс шинээр ашиглалтад орсон сайжруулсан түлшний үйлдвэрээ дагаад утаанаас салах нь энэ дүүргийн хийх ажил. Төсөв ч мөн тийшээ чиглэх биз.

Түүнээс гадна үндэсний хэмжээний дотоодын үйлдвэрлэл байх зайлшгүй шаардлагатай. Хөгжлөө хүлээж байгаа Налайх дүүргийн ИТХ-ын даргаар П.Нарантуяа гэх эмэгтэй удирдагч ажиллахаар болов. Тэрбээр “Идэр” дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр, 2018-2019 онд МУТБУА-ийг “Төрийн захиргаа-Хүний нөөцийн мэргэжлээр тус тус төгссөн байна. П.Нарантуяа нь хорооны зохион байгуулагч, Засаг дарга, ДИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын ТНҮХ-ийн дарга зэрэг албан тушаалыг хашиж явсан. Мөн 2019 оноос одоог хүртэл дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, тэргүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч оноос дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

 

Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл:

-Фельдширийн Мөнхгэрэл нь 1986 онд Анагаах ухааны техникум төгсчээ. Мөн “Улаанбаатар Эрдэм” Их сургуульд 2005, 2009 онуудад элсэн суралцсан ч ямар мэргэжлээр гэдгээ намтартаа дурьдаагүй байна. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд 1990 оноос Багахангай дүүргийнхээ эмнэлэгт Эх баригч, бага эмчээр ажиллаж байсан аж.

Харин улс төрийн карьерийн тухайд 2004 оноос эхэлсэн бөгөөд дүүргийнхээ I хорооны Засаг даргаар ажиллаж байсан бол, 2013 оноос эхлэн Дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжил хариуцсан орлогчоор ажиллаж байжээ. Багахангай дүүргийн тухайд нийслэлийн алслагдсан дүүргийн нэг учраас цаг ямагт дагуул хот болон хөгжих тухай ярьсаар ирсэн. Гэвч эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муутай билээ. Дүүргийн өрсөлдөх чадвараар 2019 онд хамгийн дор орж байсан учраас өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ядахдаа л төсвөө хэрхэн үр дүнтэй хуваарилах вэ гэдгээ ИТХ-ын төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлж, Засаг даргадаа хяналт тавьж ажиллах нь эмч бүсгүйн хийх ёстой ажил юм.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549