“Жи тайм”-ын хэргийн оролцогчдын ирүүлсэн гомдлыг талуудад танилцуулсны дараа Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлнэ

access_time 2021-01-26
remove_red_eye 124

“Жи-тайм” гэх тодотголтой шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.

Улмаар уг хэргийн хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан зарим оролцогч нарт олгох болон гаргуулах төлбөрт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн оролцогч нараас Улсын дээд шүүхэд хандаж гаргасан гомдлоо ирүүлсээр байна. Иймд тус шүүх гомдлуудыг талуудад танилцуулж дууссаны дараа Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлнэ.

Эргэн сануулахад, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Мөн хохирогчдын хохирлыг шүүгдэгчийн хураасан хөрөнгөөс хувь тэнцүүлэн барагдуулахаар болсон юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549