Гурван гишүүнийг 33 тэрбумын зээлээр зодсон бороохой нь хэнийх байв?

access_time 2021-01-22
remove_red_eye 1021

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу?

Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлээс болоод “төрийн дайсан” болох шахав. Муухай юм хийжээ. Юу гэвэл Хөгжлийн банкнаас зээл авчихаж. Гэхдээ гишүүн болохоосоо өмнө, тэдний эзэмшдэг байсан компаниуд ЖДҮ биш, уул уурхайн биш салбарын тоног төхөөрөмжийн зээлийг томоохон төслийн хүрээнд авсан байгаа юм. Үүгээрээ өнөөх утсаар ярьж дарамтлаад зээлийн шаардлага хангахгүй ч байсан удаа дараа зээл авч байсан гишүүд, гишүүн асануудаас өөр. Гэсэн ч тэднийг хэн ч ойлгохыг хүсэхгүй байна. Асуудлын гол нь тэдний өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөл дэх ковидын үед ЖДҮ эрхлэгчдийн зээлийн хүүг оны сүүлчийн өдөр хүртэл 50 хувиар бууруулахнэг заалтад ч байгаа юм биш. ЖДҮ гэдэг маань жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөг гэсэн нэг босготой шуу ухаантай боловч улстөрчид өөрсдөө л жижиг, дундаа ялгахаа байтал самраад өөрсдөө ч хүртээд зарим нь шоронд орчихоод байгаа шүү дээ. Тэгвэл яагаад Сангийн сайд Хөгжлийн банкин дахь “гар хөлөө” ашиглан тэр гурвын гэх нэг компанийн зээлийг онгичив? Хугацаа нь дуусчихаагүй, барьцаа нь хангалттай хэвийн зээл. Гэхдээ л нийгэм дэх тэр залуу гишүүдэд итгэх итгэлийг шороотой холих шаардлагатай болсон.

Яагаад гэвэл тэр гурван мангар баатар нь арван таван толгойтой атгаалжин хар мангасын өөдөөс цаас бариад босч байгаа учраас тэр л дээ. “Зодсон”, “зодуулсан” гэхэд ичмээр энэ асуудлын цаана том асуудал байсан гэсэн үг. Үнэхээр ч байж. Тэр нь Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. .

Өнөөдөр банкийг хэдхэн хүн залгичихаад байсан бол бүр ганцхан хүн ч залгих боломж нөхцөл бүрдсэнийг бид харж байна. Үүнийг л эсэргүүцэж тэд реформ хийхийг хүсэж. Нэг хүн 20 хувиас дээш эзэмших эрхгүй болгочихвол эрх мэдлийн төвлөрөл нь саарна, тэр хэрээр бусад хувьцаа эзэмшигчээсээ зөвшөөрөл авч байж төмөр замаа барьдаг, нүүрсээ угаадаг, тариа тарьдаг, онгоцны ченж хийдэг болно. Одоо бол хэнээс ч асуухгүйгээр л цагаан захтай банкны захирлууд нүүрстэй ноцолдож “гараа хөөдчихөөд” байна шүү дээ. Энэ нь хууль бус. Ингээд дажин эхэлж галыг өөр дээрээ өрдчихсөн хэрэг.

Яагаад гэвэл энэ хуулийн “амин сүнс” нь гол үзэл санаа буюу “Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй”гэсэн хориглолтын заалтад байгаа юм. Энэ бол дэндүү тэнцвэргүй тулаан. Гэхдээ ялбал олон нийтэд л хэрэгтэй.

Ёстой л зааны хошуу руу оготно ороод пижигнүүлсэн үлгэр шиг ялалтыг тэднээс хүсэн хүлээж байна. Тодруулбал, хуулийн этгээд аливаа банкны хувьцааны 20 хувиас дээшгүй хувийгл эзэмшиж болно.Үүний тулд өнөөдрийн ХХК хэлбэрийн банкууд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор хувьцаат компани болж өмчийн хэлбэрээ өөрчилж, хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах, гадны хөрөнгө оруулагчдад хувьцаагаа зарсан байх ёстой гэдэг заалт орж байгаа юм.

Хэрэв заасан хугацаанд тухайн банкинд хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувь хувь хэмжээ 20 хувиас хэтэрсэн бол Монголбанкнаас БЭТ томилж тухайн хувьцаа эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлэх, цаашилбал уг хувьцааг банкны өөрийн хөрөнгөөс нь хасах хүртэл хатуу арга хэмжээ авахаар заажээ.

Ийм байх нөхцлийг тэд өөрсдөө л бүрдүүлсэн. Хэрэв өнөөдрийг хүртэл ийм хэлбэрээр явж ирсэн бол тухайн банкны 85 хувийн хөрөнгийг бүрдүүлэгч харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгчид нь банкныхаа захирлын хэдэн төгрөгийн цалин авдгийг, яагаад төрийн бизнест оролцоод тендерт ялаад нүүрс ухах гээд, төмөр зам барих гээд байгааг мэдэх, энэ төсөлд оролцох эсэхэд нь саналаа оруулах эрхтэй байх байсан. Жишээ нь Голомт банкны 92 хувийг Д.Баясгалан эзэмшиж байхад хэн түүнд ямар эрхээр “зөвшөөрөл өгөх” вэ? Харин дөрвөн хүн тус бүр 20 хувь эзэмшдэг байсан бол тэрбээр нөгөө гурваараа зөвшөөртөл тайлбарлаж байж тэр бизнест орно.

Худалдаа хөгжлийн банк л гэхэд хувьцаа эзэмшигчид нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан. Банкны эзэн хадгаламж эзэмшигчдээсээ зөвшөөрөл авах эрх зүйн орчин байгаагүй учраас дураараа загнаад зогсохгүй улс төрийн хүрээнд том бүлэглэлийн холбоотон гэгдээд явж байна. Тэгэхээр түүнд улс төрд хөрөнгө оруулалт хийх эсэхийг зөвлөлдөх, зөвшөөрөл авах, тайлагнах, ил тод байх шаардлагыг хуулиар олгоогүй гэх үү дээ.

Мэдээж эзэнд бол энэ нь амар. Тиймээс ч тус банкнаас олон арван нэр дэвшигч УИХ-ын сонгуульд “эрхээ эдлэн” нэр дэвшиж “үзэв”. Ялсан бол яана? УИХ-ын 76 гишүүний 21 нь нэг банкнаас нэр дэвшигчид байжээ гээд төсөөл дөө. Тэгэхээр тэд хууль тогтоох байгууллагад “ТУЗ-өө байгуулахыг санаархжээ”. Азаар бүтэлгүйтсэн.

Өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гишүүд болох Б.Жавхланг Чингис хаан банктай, Г.Амартүвшинг “Хас” банктай, магадгүй 33 тэрбумын зээл авсан гэх Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай ч юм уу хардаж болно. Гэхдээ тэд эзэмшихийг, эзэмдэхийг хүсээгүй байгаа биз? Харин эрүүлжүүлэхийг, ил тод болгохыг хүсч эздээс нь өмчийг нь “харамласан” болохоор “популист”, гэнэн хонгор хууль тогтоогчид болж харагдсан биз. Бэл бэнчин, улс төрийн нөлөөлөл, аль ч талаараа банкируудыг, улс төр дэх банкны бүлэглэлийнхнийг тэд дийлэхгүй байх гэж таамаглаж байгаа ч улс төрд шинэ хүн хэрэгтэй нь үнэн бол, тэд сонгуулийн өмнө амласнаа биелүүлдэг бол энэ хуулийг санаачлахгүй гээд яах юм бэ? Үүнийг хэлэлцэх УИХ ч гэсэн олон жил ужгирч банкны нөлөөлөлтэй болсон парламентаа ашиг сонирхлын явцуу зөрчлөөс ангижруулж аваач! Эндээс шинэ парламентын өнгө, шинэхэн парламентчдын үнэн дүр төрхийг харж авцгаая!

Нийтлэлч: У.Оргилмаа

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549