Б.БАТДАВААГ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛОВ

access_time 2021-01-21
remove_red_eye 112

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог.

Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Б.Батдаваа нь 1984 онд төрсөн, 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайванийн Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг тус тус төгссөн. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хуулийн шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулгадаа дурдав.

Мөн Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэнээр Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549