Трамп, Ши нарын уулзалт үр дүнд хүрэхгүй бол Хятадын үлдсэн бүх бараанд АНУ татвар ноогдуулна

access_time 2018-10-30
remove_red_eye 77

 

Арваннэгдүгээр сард Аргентины нийслэл Буэнос Айрес хотод Их 20 орны уулзалт болох гэж байна. Энэ үеэр АНУ, Хятадын төрийн тэргүүнүүд уулзахаар товлоод байгаа юм.

Дональд Трамп, Ши Жиньпин нар хоёр орны хооронд үүсээд байгаа худалдааны маргааныг шийдэх хэлэлцээр хийх ажээ. Хэрвээ энэ уулзалт үр дүнд хүрэхгүй бол Вашингтон арванхоёрдугаар сарын эхээр Хятадын эсрэг ээлжит худалдааны хориг арга хэмжээ авах гэж байгааг уг асуудалд ойр албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Ингэхдээ Хятадын үлдсэн бүх импортын бараанд өндөр татвар ноогдуулах юм. Энэ нь ойролцоогоор $260 тэрбумын дүнтэй.

Шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 60 хоногийн хугацаанд олон нийтийн саналыг авдаг хуультай. Тиймээс ирэх хоёрдугаар сарын эхээр буюу Хятадын сар шинийн баярын үед хэрэгжиж эхлэхээр байна.

Одоогоор Хятадын $250 тэрбумын бараанд АНУ импортын татвар оноогоод байгаа. Үүнээс 200 тэрбумын бараанд есдүгээр сараас эхлэн 10 хувийн татвар оноосон бөгөөд шинэ оноос 25 хувь болж өсөх юм.

Өнгөрсөн онд АНУ нь Хятадаас нийт $505 тэрбумын бараа бүтээгдэхүүн импортоор авсан байдаг.

Трамп өнгөрсөн Бямба гарагт Индианад болсон сонгуулийн арга хэмжээний үеэр хэлэхдээ “Бид нэлээд хэцүү маргаан өрнүүлээд байгаа. Би үүнийг зөөлрүүлж худалдааны маргаан гэж нэрлэмээр байна. Бид энэ маргаанд ялах болно. Яагаад гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Учир нь бид үргэлж ялдаг” гэжээ.

Дональд Трамп, Ши Жиньпин нарыг арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд уулзуулахаар төлөвлөж байгааг Цагаан ордон мэдээлсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549