Баянгол дүүргийн 20176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулав

access_time 2021-01-11
remove_red_eye 64

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд Covid-19 голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулжээ.

Вирусийн халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд энэ сарын 8-ны өдөр 8539, 9-ний өдөр 10009, 10-ны өдөр 1628 хүн тус тус хамрагдсан байна.

Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан бөгөөд тандалт, илрүүлгийн шинжилгээний явц зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй болсон байна.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэлсэн талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв.

Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй Covid-19-ийг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549