Дээд шүүх Н.Номтойбаярын гомдлыг хэлэлцэнэ

access_time 2021-01-08
remove_red_eye 72

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр /2021.01.08/ 12 хурал товлогдсон бөгөөд хурлын арваннэгдүгээрт УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, арванхоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох гомдлыг хэлэлцэх аж. Шүүх бүрэлдэхүүн одоогоор дөрөв дахь хурлыг хэлэлцэж байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноосон билээ.

Тодруулбал, Б.Нямдаваад нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил хорих ял,

Б.Шижиржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял,
Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг гаргасан байдаг.
Улмаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болоход, шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ийнхүү Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549