Оросын үйлдвэрлэгчид Хятадад 30 минутанд 1,8 сая долларын бараа зарлаа

access_time 2020-11-10
remove_red_eye 161

Оросын үйлдвэрлэгчид ердөө 30 минутын хугацаанд онлайн худалдаагаар Хятадын зах зээлд 12,34 сая юанийн (1,8 сая ам.доллар) бараа бүтээгдэхүүн арилжлаа. Энэхүү цахим худалдаа 2020 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр зохиогдсон бөгөөд Хятадын зах зээлд Оросын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах аяны хүрээнд хийгджээ.

Аян маш амжилттай болсонд зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна. Зөөлөн чихэр үйлдвэрлэгч компани агуулахдаа байсан бүх бараагаа зарсан бол мөхөөлдөс үйлдвэрлэгч гурван секундын дотор бүх мөхөөлдсөө зарсан байна.

“Цахим худалдааг хараад сууж байсан ч эх орныхоо нэг ч барааг худалдаж авч амжсангүй. Хятадын зах зээлд орос бараа ийм эрэлт хэрэгцээтэй, танил болсныг сая л мэдлээ. Гайхамшигтай үр дүнтэй байлаа. Цаашид ийм худалдааг улам өргөжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов хэлжээ.

Шууд дамжуулалтаар Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүн зарсан анхны тохиолдол нь энэ боллоо. Энэ ажлыг Хятадын Медиакорпорац, Хятад дахь ОХУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулсан бөгөөд худалдааг TMall-ийн цахим худалдааны платформ дээр хийсэн байна. Энэ нь Alibaba компанийн платформ юм.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар Хятадын интернэт хэрэглэгчийн тоо 900 сая байгаа бөгөөд 710 сая хүн онлайнд худалдаанд оролцож байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549