Шинэ Зеландын Засгийн газрын Дэд тэргүүнээр анх удаа гей хүн томилогдов

access_time 2020-11-03
remove_red_eye 191

Эмэгтэйчүүд, уугуул иргэд гээд олон талт төлөөллийг хангасан кабинет байгуулахдаа ур чадвар, мерит чадварыг нэн тэргүүнд тавьсан гэдгээ Жасинда Ардерн хэлжээ.

Шинэ Зеландад болж өнгөрсөн сонгуулиар Ерөнхий Сайд Жасинда Ардерны нам ялалт байгуулж тэрбээр албаа үргэлжлүүлэн хаших болсон билээ. Тэгвэл түүний байгуулж буй Засгийн газрын бүрэлдэхүүн олон талт байдлыг хангасан, иргэд, олон нийтийн төлөөллийг бий болгосон гэлээ. Тухайлбал, Засгийн газрын Дэд тэргүүнээр Грант Робертсон томилогдсон нь энэ албан тушаалыг анх удаа гей хүн хашиж буй тохиолдол юм байна. Тэрбээр Ерөнхий Сайд Ардерны удаан хугацааны хамтран ажиллагч бөгөөд өмнө нь Сангийн Сайд байсан төдийгүй сонгуулийн кампанит ажлын гол стратегичээр ажиллажээ.

Албан тушаалд томилохдоо түүний удирдах ажлын туршлага, ур чадварыг гол болгосон гэдгийг мөн Ерөнхий Сайд онцлов.

Шинэ Зеландын Засгийн газрын Дэд тэргүүн Грант Робертсон

Түүнчлэн Шинэ Зеландын Гадаад харилцааны сайдаар томилогдоод буй Нанаи Махута нь маори гаралтай бөгөөд 1996 оноос парламентад сонгогдон ажиллаж байжээ. Тэрбээр моко гэх маоричуудын ёс уламжлалыг илэрхийлсэн шивээсээ 2016 онд хийлгэсэн нь гэр бүлийн шийдвэр төдийгүй олон нийтийн дунд моко нь зөвхөн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой гэх ташаа ойлголтыг бууруулах зорилготой гэв.

Шинэ Зеландын Гадаад харилцааны Сайд Нанаи Махута

Маоричууд болон Номхон далайн уугуулууд Шинэ Зеландын хүн амын гуравны нэгийг эзэлдэг боловч зөвхөн гэмт хэрэг, ядууралтай холбоотой статистик мэдээнд онцлон дурьдагдаж мэдээллийн агуулгыг эзэлдэг байна. “Харин Махутагийн хувьд улстөрийн туршлагатай, харилцаа холбоог маш хурдан, гайхамшигтай бий болгодог нь манай гадаад харилцаанд тустай” гэж Ерөнхий Сайд мэдэгдсэн байна.

Эмэгтэйчүүд, уугуул иргэд гээд олон талт төлөөллийг хангасан кабинет байгуулахдаа ур чадвар, мерит чадварыг нэн тэргүүнд тавьсан гэдгээ Жасинда Ардерн хэлжээ. “Шинэ Зеландын нэг гайхалтай зүйл нь тухайн хүний хэн байх, өөрийгөө хэрхэн тодорхойлох нь албан тушаал хашихад ур чадварын дараа тавигддаг асуулт юм. Миний зорилго бол хамгийн сайн хүнийг олж, томилох” гэв.

Шинэ Зеландад аравдугаар сарын 17-нд болсон сонгуульд Хөдөлмөрийн нам ялалт байгуулж, ковидийн үед зөв бодлого явуулж байгаа нь тус улсыг олон улсад үлгэр жишээ болгосон. Энэ эрчээ алдахгүй байх үүднээс шинэ кабинетдаа Ковид-19-ийн эсрэг арга хэмжээ хариуцсан Сайдын орон тоог ч бий болгожээ. Мөн улиран ажиллаж буй Ерөнхий Сайдын хувьд цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа авран босгох нь хийх гол ажил нь байх болно гэсэн байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549