Оросын Ерөнхийлөгч бүрэн эрхээ дуусгаад бүх насаараа сенатор болно

access_time 2020-11-02
remove_red_eye 155

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн хууль санаачилж, парламентад дэвшүүлсний дотор Ерөнхийлөгч төр барих хугацаагаа дуусгаад үлдсэн бүх насаараа Оросын сенатор болдог хууль багтжээ.

Путин тус хуулиа танилцуулахдаа “Эх орныхоо төлөө улс төр, олон нийтийн салбарт асар их зүтгэсэн хүмүүст ийм боломж олгох нь зүйтэй” хэмээн тайлбарлажээ. Хуулийн дагуу бол сенатор болсон хуучин Ерөнхийлөгч өөрөөсөө гадна 7 хүнийг насан туршид нь, 23 хүнийг арай богино буюу зургаан жилийн хугацаатайгаар сенатор болгон сонгох эрхтэй болно гэв.

Энэ шинэчлэл нь өнгөрсөн зун ард түмэн үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнтэй холбоотой бөгөөд Путин эрх мэдлээ шилжүүлэх үйл явдлын суурь, эхлэл болж байна хэмээн ажиглагчид үзэж байна.

Шинэ хуулийн төсөлд зааснаар Оросын Ерөнхийлөгч эрх мэдлээ өгснөөс гурван сарын дараа холбооны зөвлөлд сенатор болох хүсэлтээ илгээх эрхтэй болох гэнэ. ОХУ-ын хууль тогтоох дээд танхим өдгөө 170 гишүүнтэй бөгөөд 2011 оноос хойш Валентина Матвиенко даргалж байгаа юм. Мөн “Холбооны зөвлөл байгуулах тухай” хуулийн төсөлд бичсэнээр тус байгууллагад Оросын 85 бүс нутгийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй байгууллагаас тус бүр хоёр төлөөлөгч, ажлаа өгсөн Еөнхийлөгч, түүний сонгосон 30 хүн багтах аж.

Түүнээс гадна сенатор болох хүмүүс заавал 30-аас дээш настай, өндөр нэр хүндтэй, насаараа Орост амьдарч, өөр орны иргэншил авч байгаагүй, 15 жилийн турш гэмт хэрэгт холбогдож байгаагүй, таваас дээш удаа хүндэвтэр зөрчил гаргаж байгаагүй байх ёстой гэнэ. Харин хуучин Ерөнхийлөгч сенатор болохын тулд ажлаа өгснөөс гурван сарын дотор бүх сенатортой уулзсан байх ёстой аж.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549