“Ерөнхий сайд та яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллахаас цааргалаад байгаа юм бэ”

2018-10-29 570 0

 

Ерөнхий сайдын толгойлдог Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ХНХ-ын Сайдаар удирдуулах шийдвэр гарсныг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр Засгийн газрын 289 дүгээр тогтоол гарч Ерөнхий сайдын толгойлж байсан уг зөвлөлийг ХНХ-ын сайд удирдахаар болсныг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэвлэлийн хурлын эхэнд хэлэв.

Монголын Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл “Хөгжлийн бэрхшээл бол зөвхөн ХНХ-ын яаманд харьяалагдах асуудал биш. Энэ бол зөвхөн нийгмийн хамгааллын биш, салбар дундын асуудал. Гэтэл үүнийг хамгийн сайх ойлгох ёстой Ерөнхий сайд маань тогтоол гаргаад, зөвлөлийг тэргүүлэхээс татгалзаж байгааг бидний хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Тиймээс Ерөнхий сайд та гаргасан шийдвэрээ эргэн харж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний дуу хоолойг сонсооч ээ. Ерөнхий сайд та яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах, уулзахаас цааргалж, татгалзаад байгаа юм бэ.

Арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тиймээс та тэр өдрөөс өмнө гаргасан шийдвэрээ буцааж, бидэнд тулгамдаад байгаа асуудлуудаас ганц нэгийг нь ч болов шийдвэрлэх боломжийг бий болгоорой” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ХНХ-ын Сайдаар удирдуулах шийдвэрийг эсэргүүцэж буй байгууллагууд хамтран мэдэгдэл гаргажээ.

Ерөнхий сайдад хандан гаргасан мэдэгдэлд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайд толгойлж, яамд болон орон нутаг, дүүргүүдэд салбар зөвлөлүүд байгуулагдаж эхэлж байгаа энэ үед орон тооны бус зөвлөлийг ХНХ-ын яаманд шилжүүлсэн нь салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдрэх, хэвийн явагдах нөхцөлийг таслан зогсоолоо.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь зөвхөн ХНХ-ын яаманд харьяалагдах асуудал мэтийн ойлголтыг иргэд болон шинээр байгуулагдаж байсан салбар зөвлөлүүдийн гишүүдэд өгч байна.

Ерөнхийлөгч эвсэл Ерөнхий сайдын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг эрхлэх зөвлөл байгуулж, ажиллуулах жишиг олон улсад хэдийн тогтсон бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог хангахад чухал нөлөөтэй байдгийг мөн онцолжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг байгуулна. Ерөнхий сайд толгойлно гэх хуулийн заалт зөрчигдөж байгаа гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлд бүх яамдын дэд сайд эсвэл ТНБД болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ТББ-уудын төлөөлөл багтдаг бөгөөд жилд хоёр удаа хуралддаг. Жилд хоёрхон удаа хуралддаг хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүх яамтай холбоотой асуудлаа ярилцах, шийдвэрлэх гарц хайх сайхан боломж олгодог гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлж байна.

Холбоотой мэдээ