Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын өгсөн мэдээллийн дийлэнх нь худал байжээ

access_time 2020-10-13
remove_red_eye 558

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна.

Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг өөд нь татах, ухамсарт нь хандсан, улс үндэстнийхээ онцлогт тохирсон кинонууд явдаг шүү дээ, тийм ээ.

Энэ чиглэл рүү хандмаар байна. Манай хийгдэж байгаа кинонууд яалт ч үгүй бодлого байхгүй учраас аллага хядлага, садар самуун, цус нөж болсон кино л гарч байгаа шүү дээ. Univision, Skymedia нээгээд промо сувгийг нь хар л даа, дан буу сэлэм, хар тамхи, аллага хядлага, хүчин. Ийм чиглэлийг гаргахаа больсон бодлогогыг дэлхий даяар явуулж байгаа шүү дээ. Миний ажиллаж, сурч байсан Канад улсад жишээ нь “Нэтфликс” гэж дэлхий даяар гардаг видео контентуудаас аллага, хүчирхийлэлтэй кинонуудыг бүгдийг нь хасчихсан байдаг байхгүй юу.

Бидний үзэх дуртай “Ну Погоди”, “Маша и Медведь” гээд хүүхэлдэйнүүд, “Том Жерри” гээд байдаггүй шүү дээ. Яагаад гэвэл хүүхдийг хүчирхийлэлд уриалдаг гэдэг утгаараа хасдаг. Үндэсний бодлогоо гаргаад, хүчирхийлэл, аллага, цус, гэмт хэрэг хэт их байгаа зүйлийг болиул. Энэ дээр бодлого гаргаж байгаа хүмүүс онцгой анхаарахыг хүсье” хэмээн хэлсэн билээ.

Түүний энэхүү мэдээллийг бид нягталлаа.

Холливүүд, Болливүүд, Каннын кино наадам, Торонтогийн кино наадмын тухайд – Худал

2020 оны буюу хамгийн сүүлд Оскарын шагналд нэр дэвшсэн болон шагнал хүртсэн кинонууд дунд багтсан “Jocker”, “Parasite” зэрэг кинон дээр цус, аллага зэрэг гардгийг үзэгчид мэднэ.

“Канад улсад жишээ нь “Нэтфликс” гэж дэлхий даяар гардаг видео контентуудаас аллага, хүчирхийлэлтэй кинонуудыг бүгдийг нь хасчихсан” – Худал

Хууль эрх зүйн шалтгаанаар Netflix болон зарим сайт өөрсдийн агуулгыг тодорхой улс оронд хязгаарладгийн нэг нь Канад улс байна. Тодруулбал, тодорхой бүс нутаг, улс орнуудын Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж болон бусад лицензийн хязгаарлалтын улмаас Netflix цацалтын агуулгаа хязгаарладаг байна. Тиймээс Канад улсын тухайд нэмэлт төлбөр төлөөд үзэх боломжтой байдаг байна. Зөвхөн Канад гэлтгүй тухайн бүсийн байршлаас хамааран тодорхой хязгаарлалтууд байдаг ч хэрэв хэрэглэгч тухайн контентыг үзэхийг хүсэж байвал үүнийг шийдэх боломжтой гэсэн үг.

Netflix “Ну Погоди”, “Маша ба баавгай”, “Том, Жерри”-г гэвэл хүүхдийг хүчирхийлэлд уриалдаг гэдэг утгаараа хассан – Худал

Netflix-ийн кино санд “Том, Жерри” хүүхэлдэйн кино байхгүй нь үнэн хэдий ч “хүүхдийг хүчирхийлэлд уриалдаг гэдэг утгаараа хасдаг” гэсэн гишүүний үг үндэслэлгүй байна. Уг хүүхэлдэйн киног бүтээсэн Metro Goldwyn Mayer компанитай Netflix 2010 онд гэрээ байгуулан хамтран ажиллах болжээ. Гэсэн хэдий ч “Том, Жерри” хүүхэлдэйн киног оруулаагүй байгаа бөгөөд үзэгчдийн зүгээс ч энэ талаар олон нийтийн сүлжээгээр хүсэлт тавьсаар байдаг ч Netflix албан ёсны тайлбар огт хийж байгаагүй аж.

“Маша ба баавгай” хүүхэлдэйн киног Netflix-ээс үзэх боломжтой бол “Ну погоди” хүүхэлдэй кино санд нь байхгүй. Гэхдээ мөн л дээр дурдсанчлан уг хүүхэлдэйн киног хүчирхийлэлтэй холбоотой гэсэн шалтгаанаар хассан талаарх мэдээлэл нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын өгсөн мэдээллийн дийлэнх нь худал байгаа юм.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549