Тусгай үүргийн онгоцоор 50 оюутан Япон улсыг зорилоо

access_time 2020-10-10
remove_red_eye 98

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол хангасан нийт 50 оюутан өнөөдөр /2020.10.10/ тусгай үүргийн нислэгээр тус улсыг зорилоо. Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх юм.

Болзол хангасан оюутнуудын хувьд жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. Энэ оны хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас оюутнуудын Япон Улс руу явах хугацаа хойшлогдож, дөрөвдүгээр сараас эхлэн өнөөг хүртэл цахимаар хичээллэж байжээ. “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Дээрх 50 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ таван жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа аж.

Дашрамд дурдахад, 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 670 оюутан, судлаач багш нар төслийн хөтөлбөрүүдэд хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 67 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549