Их мастер Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч болов

access_time 2020-10-08
remove_red_eye 79

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Ази болон Номхон далайн орнуудын хүрээнд зохион байгуулсан 2020 оны есдүгээр сарын 25-27-нд дасгалжуулагчийн онлайн семинарт Их мастер Б.Мөнгөнтуул оролцож шалгалтаа амжилттай өгч ДШХ-ны Дасгалжуулагч /FIDE Trainer-FT/ цолны болзол хангалаа.
Тэрбээр МШХ-ны Дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Азийн шатрын холбоо болон Дэлхийн шатрын холбооны хөгжлийн сангийн тэтгэлгээр уг семинарт суралцжээ. Уг семинарыг дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох ДШХ-ны Ахлах дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес шахмат, Вишал Сарин, Еспер Халл нар удирдан явуулсан байна.

Дашрамд дурдахад 2020 оны 4 дүгээр сарын 24-26-ныд зохион байгуулсан Зүүн Ази болон Номхон далайн орнуудын хүрээнд болсон Дасгалжуулагчийн онлайн семинарт Их мастер А.Энхтуул оролцож шалгалтаа амжилттай өгч ДШХ-ны Дасгалжуулагч /FIDE Trainer -FT/ цолтой болсон юм.

ДШХ-ноос зохион байгуулдаг дасгалжуулагчийн семинарт суралцаж шалгалтанд тэнцвэл Дасгалжуулагчийн цолыг дараах байдлаар эрэмбэлдэг. Тухайн цолонд тогтоогдсон төлбөрийг төлж эрхийн зөвшөөрлийг /Lisence – лиценз/ сунгаснаар албан ёсоор дасгалжуулах, ДШХ-ноос зохион байгуулдаг том тэмцээнүүдэд ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч болон түүнээс дээш цолтой дасгалжуулагч нар улс орноо төлөөлөн баг, тамирчдаа ахлан оролцох зэрэг эрхтэй болдог байна.

1. ДШХ-ны Ахлах дасгалжуулагч – FIDE Senior Trainer /FST/
2. ДШХ-ны Дасгалжуулагч – FIDE Trainer /FT/
3. ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч – FIDE Instructor /FI/
4. Үндэсний зааварлагч багш – National Instructor /NI/
5. Хөгжүүлэлтийн зааварлагч багш – Developmental Instructor /DI/

Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549