Сонгуулийн сурталчилгаа хүүхдийн аминаас чухал уу?

access_time 2020-10-08
remove_red_eye 146

Замын хөдөлгөөнд оролцохдоо хэт хурдан явдаг жолооч нараас болж сүүлийн гурав хоногт гурван хүүхэд авто осолд өртсөнөөс таван настай бяцхан хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд гэмтлээ. Осолд өртсөн гурван хүүхэд тав, ес, арван настай. Дээрх ослууд нь Яармагийн замд гарсан юм. Тиймээс надад хэлэх гурван санал байна.
Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дунд бүдүүлэг, сагсуу хүн олон. Ялангуяа ганган, тансаг зэрэглэлийн машинтай залуус бусдад дээрэлхүү ханддагийг яалтай. Осол гаргасан жолооч нар “Honda CR-V”, “BMW X3” маркийн дунд оврын жийп хөлөглөжээ. Яг осол болсон замын хойд, урд талд Ерөнхий боловсролын сургууль байдаг учраас хүүхдүүд замын хөдөлгөөнд маш ихээр оролцдог. Гэтэл жолооч нарын өндөр хурдтай явсны балгаар, гурван хүүхэд осолд өртлөө. Дээрээс дайны хажуугаар дажин гэгчээр замын дунд сонгуулийн сурталчилгаа тавьдаг овилгогүй, бүдүүлэг зангаа нэр дэвшигчид болиоч ээ.

Хурд хэтрүүлэн явсан жолоочийн үйлдлээс гаднас буруу ч үзэгдэх орчныг хязгаарлан сурталчилгааны самбар байрлуулсан нэр дэвшигчид буруутай. Хэрвээ Хан-Уул дүүрэгт Нийслэл болон дүүргийн иргэдийн хурлын сонгуульд АН-аас нэр дэвшсэн хүмүүсийн сурталчилгааны самбар байгаагүй бол тухайн хүүхдүүд холоос хурдтай ирж буй машиныг харж болох байлаа.

Тиймээс холбогдох хууль, хяналтын байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж замын голд байрлуулсан самбаруудыг яаралтай холдуулах арга хэмжээ авна уу. Тэгэхгүй бол дахиад хэдэн хүүхэд осолд өртөхийг бид урьдчилан таашгүй. Түүнчлэн эцэг, эхчүүд минь, та нар таван настай хүүхдийг есөн настай ах, эгчээр хөтлүүлээд замын хөдөлгөөнд оролцуулж яаж чадаж байна аа. Бага насны. хоёр хүүхдийг харгалзах хүнгүй явуулахдаа та бүхний толгойд юу бодогддог вэ. 10 настай хүүхэд ганцаараа замаар гарах гэж явна, аав, ээжүүд ээ. Толгойдоо нэгийг бодохгүй бол цаг зуураар бид бяцхан үрсээсээ салж мэдэх нийгэмд амьдарч байна. Эцэг эхчүүд, жолооч нар, нэр дэвшигчид, цаашлаад хууль сахиулагч, хөдөлгөөн зохицуулагчид нэгийг бодно биз. Бид зам тээврийн ослоор хичнээн хүүхдийн амийг алдаж ухаарах вэ.

Б.Мөнхзул
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549