Ц.Насанбат: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шилжүүлж авчрахаар холбогдох байгууллагад хандсан

access_time 2020-10-07
remove_red_eye 161

Прокурорын байгууллагаас 2020 оны гуравдугаар улирлын тайлангаа өнөөдөр танилцуулав. Мэдээллийг танилцуулсны дараагаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа юу?

-Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагууд гүйцэтгэдэг. Мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан.

-ЖДҮХС-тай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа дууссан уу?

-Шалгаж байгаа хэргүүд бий.

-800 хятад иргэнтэй холбоотой хэрэгт монгол хүн холбогдсон уу. Өмнө нь нэг монгол хүн бий гэж мэдээлж байсан?

-Шалгаж байгаа хэрэг бий. 15 хүнтэй нэг хэрэг, зургаан хүнтэй нэг хэрэг хоёр дүүргийн шүүхэд шилжсэн. Тодорхой шалтгаануудын улмаас шүүх хурал хойшилсон.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын 11 ажилтныг яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байна?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Худалдаа хөгжлийн банкны захирлуудтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Шийдвэр гаргах түвшний хүмүүстэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн. Харин бизнесийн байгууллагын зарим хүнтэй холбоотой хэрэгт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.\

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549