Элэгний С вирусийг нээсэн гурван эрдэмтэн Нобелийн шагнал хүртлээ

access_time 2020-10-06
remove_red_eye 80

Даваа гарагаас эхлэн энэ оны Нобелийн шагналтнуудыг зарлаж байгаа билээ.

Өчигдөр орой анагаах ухааны салбарын шагналтныг зарласан юм. Энэ жилийн шагналыг элэгний С вирусийг нээсэн АНУ-ын Харви Алтер, Чарльз Райс, Британийн Майкл Хоутон

нар хүртэхээр шалгарчээ.

“Элэгний хатуурал, элэгний хорт хавдар үүсгэдэг дэлхий дахины эрүүл мэндийн томоохон асуудалтай тэмцэх үйлсэд чухал хувь нэмэр оруулсан” гэж Нобелийн шагналын хороо тэднийг үнэлсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолсноор өнөөдөр дэлхий даяар 70 сая хүн элэгний С вирусээр өвчилж, жил бүр 400,000 орчим хүн нас бардаг гэнэ.

Шагнал хүртсэн гурван эрдэмтний нээлтийн тусламжтайгаар вирусийг илрүүлж, оношлох боломжтой болсон юм байна.

Мөн тэдний нээлтийн үр дүнд C вирусийг эмчлэх эм бий болжээ.

Нобелийн шагналын хорооны мэдэгдэлд “Түүхэнд анх удаа энэ өвчнийг эмчилж чаддаг болсноор хүн төрөлхтөн элэгний C вирусээс бүрмөсөн салах итгэл найдвар нэмэгдэж байна” гэсэн байна.

Гурван эрдэмтэн Нобелийн шагналыг дагалддаг 10 сая швед кроны ($1.1 сая) мөнгөн шагналыг хувааж авах юм.

Тэд шагналаа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольм хотод болох ёслол дээр Карл XVI Густаф хаанаас гардаж авах ёстой байв.

Гэвч энэ жил цар тахлын улмаас ёслолын ажиллагааг виртуал горимд зохион байгуулахаар болжээ.

Энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагналтныг өнөөдөр орой зарлах юм. Маргааш химийн салбарын, нөгөөдөр утга зохиолын салбарын шагналтнуудыг зарлана.

Баасан гарагт энх тайвны шагналтныг зарласны дараа Даваа гарагт эдийн засгийн шагналтныг зарласнаар Нобелийн долоо хоног өндөрлөх юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549