Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Киргизийн иргэд засгийн газрын ордон руугаа дайрчээ

access_time 2020-10-06
remove_red_eye 81

Өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн парламентын сонгуулийг будилаантай болсон гэж үзсэн тэмцэгчид өчигдөр орой нийслэл Бишкек дэхь Цагаан ордон руу дайрчээ.

Уг ордонд Киргизийн ерөнхийлөгчийн алба, парламент байрладаг юм. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр тэмцэгчид Цагаан ордныг эзлэн авсан гэнэ.

Даваа гарагийн турш Бишкек болон Киргизийн бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал болсон байна.

Тэд эрх баригчдыг сонгуулийн санал худалдаж авсан, үр дүнг зассан гэж буруутгажээ.

Ням гарагт болсон сонгуульд улс төрийн 16 нам оролцсоноос дөрвөн нам л парламентад суудал авах долоон хувийн босгыг давсан юм. Тэдгээр дөрвөн намын гурав нь одоогийн эрх баригчдыг дэмжигч намууд байжээ.

Суудалгүй хоцорсон сөрөг хүчний 11 нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд иргэдийг гудамжинд гарч тэмцэхийг уриалсан байна.

Төв Азийн  Киргизстан улс нь 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задрахад тусгаар тогтнолоо олж авсан юм.

2005 оноос хойш тус улсад гурав дахь удаагаа эрх баригчдын эсрэг бослого тэмцэл гарч байгаа нь энэ ажээ.

Анхны ерөнхийлөгч Аскар Акаевыг 15 жилийн дараа “Алтанзул цэцгийн хувьсгал”-аар төрийн эрхнээс зайлуулсан бол дараа нь түүнийг залгамжлагч Курманбек Бакиев таван жилийн дараа эх орноосоо дүрвэж байв.

Одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков 2017 онд ерөнхийлөгч болсныхоо дараа өөрийн ивээн тэтгэгч, өмнөх ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан юм. Наймдугаар сард Атамбаев 11 жилийн хорих ял сонсож байв.

Тэмцэгчдийн дотор экс ерөнхийлөгч Атамбаевын хүү Кадыр Атамбаев байгаа гэсэн мэдээлэл ирж байна.

Ерөнхийлөгч Жээнбеков одоогоор нийслэл Бишкекээс яваагүй байгааг хэвлэлийн алба нь мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549