“Шаардлага хангаагүй шатахуун түгээсэн ШТС-уудад сануулга өгсөн”

access_time 2020-09-15
remove_red_eye 38

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтын талаар есдүгээр сарын 10-ны өдөр мэдээлэл хийж, танилцуулсан.

Тодруулбал, уг шалгалтаар авто бензиний 22 дээж, дизель түлшний арван дээжийг тус тус авч, нууц дугаараар кодлон Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторид шинжлүүлжээ. Ингэхэд бүх дээжний октаны тоо нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан гэдгийг хэлсэн юм.

Тус газраас хяналт шалгалтаар зөрчил илэрсэн шатахуун импортлогч аж ахуй нэгжид ямар хариуцлага тооцсон талаар тодруулахад “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй эрхлэгчийн 19 шатахуун түгээх станцад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд шалгалт хийсэн. Дөрөвдүгээр сард хийсэн хяналт, шалгалтын дүнг баталгаажуулахын тулд Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа авто бензин, дизель түлшийг гааль буюу хил дээрээс дээж авч, долдугаар сард шинжилгээнд өгсөн.

Гэвч дизель түлшний есөн дээж, авто бензиний 12 дээжийг ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шинжилгээний хариуг гаргаж өгөөгүй байна. Мөн өнгөрсөн таван сарын хугацаанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга удирдлага солигдож, цаг хугацаа алдсан учраас торгуулийн арга хэмжээ авах хуулийн хугацаа хэтэрсэн. Тиймээс эдгээр зөрчил гаргасан аж ахуй нэгжид сануулах арга хэмжээг авсан. Дараагийн хяналт шалгалтаар дахин зөрчил илэрвэл торгуулийн арга хэмжээ авна” гэдэг хариултыг өгсөн юм.

Мөн ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу есдүгээр сарын 9-нд “МИАТ” компанийн үйл ажиллагаатай танилцаж, тусгай үүргийн онгоцын билетийн үнийг тодорхой хэмжээнд бууруулах санал хүсэлтийг тавьсан. Энэ шалгалтыг ажил эхэлж, улсын байцаагчид тусгай үүргийн онгоцны үнэ тарифыг нягтлан судалж байгаа гэдэг мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549