Израйль улс хоёр дахь удаагаа хөл хорионы дэглэмд шилжлээ

access_time 2020-09-14
remove_red_eye 44

Коронавирусийн халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан Израйль улс цар тахал эхэлсэн цагаас хойш хоёр дахь удаагаа хөл хорионы дэглэмд шилжжээ.

Шинэ дэглэм Баасан гарагт эхэлж, гурван долоо хоног үргэлжлэх юм байна.

9 сая орчим хүн амтай Израйль улсад сүүлийн байдлаар халдварын 153,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 1,108 хүн нас бараад байгаа. Сүүлийн үед нэг өдөрт илрэх халдварын тохиолдол нь 4,000 хүрч өссөн тул хөл хорио тогтоох хэрэгтэй болсон байна.

Израйльд өмнө нь энэ оны гуравдугаар сарын сүүлээс тавдугаар сарын эхэн үе хүртэл хөл хорио тогтоож байсан юм.

Шинэ хоригийн хүрээнд дотоод орчинд 10-аас дээш тооны хүн, гадаад орчинд 20-оос дээш тооны хүн цугларахыг хориглож, сургууль, худалдааны төвүүдийг хаажээ.

Ажилд явахаас бусад зорилгоор гэрээсээ 500 метрээс хол явахыг хориглосон байна.

Зөвхөн хүнсний дэлгүүрүүд, эмийн сангууд нээлттэй байхаар зохицуулжээ. Хөл хорионы үеэр иудейн шашны томоохон баяр давхцаж байгаа нь зарим сүсэгтнүүдийг бухимдуулж байна.

Есдүгээр сарын 27-ны өдөр нь жүүдүүдийн цаг тооны бичгээр жилийн хамгийн ариун өдөр юм. Энэ өдрийг жүүдүүд гэр бүл, төрөл төрөгсдөөрөө цугларч тэмдэглэдэг.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Энэ бол бидний мэддэг баяр биш байх болно. Энэ удаа бид олуулаа цугларч тэмдэглэх боломжгүй байх нь” гэж мэдэгджээ.

Хоёр дахь хөл хорионы дэглэм Израйлийн эдийн засагт 6.5 тэрбум шекелийн ($1.88 тэрбум) хохирол учруулахаар байгааг сангийн яам нь мэдээлсэн байна.

Шашны баярын үеэр хөл хорио тогтоосныг эсэргүүцэж тус улсын барилга, орон сууцны яамны сайд Яаков Лицман албан тушаалаасаа огцорчээ. Тэрбээр иудейн шашны хэт хуучинсаг ёсыг баримтлагч улс төрийн намын тэргүүн юм.

Лицман өөрөө огцроод зогсохгүй намаа эвслийн засгийн газраас гаргахаар сүрдүүлжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549