УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалан: Багш сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн халамжийн асуудалд анхаарч ажиллах болно

access_time 2020-09-02
remove_red_eye 88

УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалан 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан өчигдөр /2020.09.01/ БЗД-ийн 48, 102, 87, 120-р сургуулиудын нийт багш, ажилтан, албан хаагчидтай уулзаж санал бодлоо солилцлоо.

Тэрбээр уулзалтын үеэр “Юуны өмнө 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгч, албан хаагч, ажилтнууддаа баярын мэндийг дэвшүүлье. Энэ жилийн хувьд Монгол улсад гэлтгүй дэлхий даяар хичээлийн шинэ жилийн нээлтийг цахим хэлбэрээр хийж байна. Бид бүхэн өмнө нь уламжлалт ёсоороо сурагчид болон эцэг эхчүүдээ хүлээж аваад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулдаг байсан. Харин энэ удаад ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор цахим хэлбэрээр нээлтээ хийж байна.

Өнгөрсөн хугацаанд манай боловсролын салбар зогсонги байдалд орвол эцэг эхчүүд болоод үр хүүхдүүд маань ямар хүнд байдалд ордог юм бэ гэдгийг биеэрээ мэдэрсэн хүний нэг бол би өөрөө юм. Тийм ч учраас БЗД-ийнхээ сургуулиуд дээр ирж, багш сурган хүмүүжүүлэгч нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр би цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, та бүхний санал бодлыг сонсож, түүнийгээ их хурал дээр уламжилж, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ нийгмийн халамж, сургуулийн орчны хууль эрх зүйн асуудлууд дээр ямар ажлуудыг хийж хэрэгжүүлбэл зохистой юм бэ гэдгийг товч ярилцах гэж ирсэн юм.

Цар тахал дэгдсэн хүнд хэцүү цагт хичээлүүдээ онлайнаар амжилттай зааж, бүх сурагчдаа сурах мэдэх эрхээр нь хангаж чадсан та нарынхаа хичээл зүтгэл, сэтгэлээр маш их бахархаж байна.

2016-2020 оны хооронд та бүхний мэдэж байгаачлан Баянзүрх дүүрэг гэлтгүй нийслэл, цаашлаад улсын хэмжээнд МАН-ын мөрийн хөтөлбөр маш сайн хэрэгжсэн. МАН-ын мөрийн хөтөлбөр ЗГ-ын мөрийн хөтөлбөр болж батлагдаж, тэр дундаа боловсролын салбарт тусгагдсан олон ажлууд биеллээ олж чадсан. Түүний нэг илрэл бол шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүд юм.

2020-2024 онд ч мөн адил сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажил эрчимтэйгээр хийгдэх болно. Ингэснээр 3 ээлжээр хичээллэж буй сургуулиуд 2 ээлжтэй болж, багш нарын ачаалал тодорхой хэмжээнд буурч чадах юм.

Би УИХ-ын гишүүний хувьд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгахаас гадна хүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж эмч, багш нарынхаа нийгмийн халамж, цалин, тэтгэврийн асуудалд анхаарч ажиллах болно. Та бүхэндээ баярлалаа. Эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” гэж хэллээ.

Харин 48, 102, 87, 120-р сургуулийн хамт олны зүгээс “Сургуулиудын барилгыг шинэчлэх, засварлах асуудалд анхаарч өгөхийг хүссэн бөгөөд багш ажилчдаа гадаадын улс орнууд руу туршлага судлах, мэргэших сургалтуудад хамруулах хүсэлтэй байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549