БАЯР НААДМЫН ҮЕЭР НОЦТОЙ ХЭРЭГ ЗӨРЧИЛ ГАРААГҮЙ

access_time 2020-07-16
remove_red_eye 24

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааныг Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал нар удирдан явууллаа.
Аймгийн хэмжээнд 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх нийт ажлын 70 хувьтай нь гэрээ байгуулан ажил нь эхлээд байна. Үүнээс улсын комисс ажиллан ашиглалтад авсан ажил 27 хувь, техникийн комисс ажилласан 12 хувь, бусад ажлууд 10-60 хувийн ажлын гүйцэтгэлийн явцтай байна.
Баяр наадмын өдрүүдэд гал түймэр болон онц ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй бөгөөд цагдаагийн газарт 308, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд 203 дуудлага тус тус иржээ.
Гэмт хэрэг, зөрчлийн талаар ирсэн нийт дуудлагаас ахуйн болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд архидан согтуурсан тухай мэдээлэл, дуудлага зонхилж байсан бол БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн төвд архи болон хоолны хордлого, ходоод гэдэс өвдөх, цусны даралт ихсэх, буурахтай холбоотой дуудлага ихэнх хувийг эзэлжээ.
Мөн 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 16:00-17:00 цагийн үед хүчтэй аадар борооны улмаас Баян-Өндөр сумын 4 багийн 70 гаруй өрх усанд автсан бөгөөд тэрхүү гудамж талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийсэн байна.
Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс 7-8-р сард зарим үед хэт халах, түр зуурын дуу цахилгаантай ширүүн бороо орох урьдчилсан мэдээтэй байгаа тул ард иргэдэд цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэж ажиллах, энэ жил иргэд аялал зугаалгаар явах үедээ хачигт хазуулан халдвар авах тохиолдол их байгаа зэргийг анхааруулж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Түүнчлэн зарим байгууллагын удирдлагууд ээлжийн амралтаа авч буй тул оронд нь ажиллах орлогч нарыг ажилдаа хариуцлагатай хандахыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549