Вьетнамын аялал жуулчлалын бүс Дананг хотын оршин суугчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул 80 мянга гаруй /ихэнх нь дотоодын жуулчид/ жуулчныг нүүлгэн шилжүүлсэн байна.
Сүүлийн дөрөв хоногт Дананг хотод нийт 14 тохиолдол, Куанг Нгай мужид нэг тохиолдол тус тус илэрчээ. Дананг хотод хөл хорио тогтоож, нэн шаардлагатай бус үйлчилгээний газруудыг хаасан байна.
Тус улсад сүүлийн 100 хоног буюу дөрөвдүгээр сараас хойш дотооддоо коронавирус илрээгүй аж. Вьетнам улс нь коронавирусийн тархалт дэгдсэнээс хойш нөхцөл байдлыг хамгийн амжилттай даван туулж байгаа улсуудын тоонд ороод байна.
97 сая хүн амтай тус улсад халдварын дэгдэлт эхэлснээс хойш нийт 431 тохиолдол бүртгэгдсэнээс 365 нь эдгэрсэн бөгөөд нэг ч хүн амь эрсдээгүй юм.
Дананг хотод 2019 онд 8,7 сая жуулчин очсоноос 5,2 сая нь дотоодын жуулчин байжээ.