О.Чулуунбилэг: АН-д үүсэх дотоод хэрүүл тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч сөргөөр нөлөөлнө

access_time 2020-07-20
remove_red_eye 562

 

Улс төрийн хоёр дахь том сөрөг хүчний хувьд Ардчилсан нам ялагдлаа хүлээж дүрмийн дагуу хуучин удирдлагууд огцорч намын даргын сунгаагаа хийх цаг болсон байна. Гэвч намын даргын сунгаа болохгүй намын их хурлаар намын даргыг сонгох чимээ гарч эхэллээ.

Ардчилсан намын даргын сунгаанд боловсрол мэдлэг, туршлага сайтай нэлээдгүй хэдэн залуус нэр дэвшихээ зарласан. Харин сунгаа болох талаар одоогоор сураг чимээ алга. Намын даргад нэр дэвшихээ зарласан ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг өнөөдрийн хэвлэлд ийм ярилцлага өгчээ. Тэрбээр, Угтаа энэ асуудлыг намын дүрмээрээ шийдэхгүй бол АН-д үүсэх дотоод хэрүүл тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч сөргөөр нөлөөлнө. Намар болох орон нутгийн сонгууль гэхэд ардчилсан нам учраа олчихсон, улмаар Ерөнхийлөгчийн сонгууль дээр бид эв нэгдэлтэй оролцох хэрэгтэй. Одоо байгаа Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшиж л таарна. Ардчилсан намаас гадна МАН, Та бидний эвсэл, Хүн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх учраас өрсөлдөөн улам нэмэгдэнэ. Хуулиараа нийт ард түмнээс тавь дээр нэмэх нь нэг санал авна. Дөрвөн хүн өрсөлдөж байх үед тавь дээр нэмэх нь нэг гэсэн санал авах магадлал маш бага. Санал маш их хуваагдана. Ирэх ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэж харж байна. Тиймээс миний байр суурь бол одоо ардчилсан нам эрх баригчдаас бусад улс төрийн намуудтай ярилцах, магадгүй нэг эвсэл болж орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгуульд орох асуудлыг ярих ёстой. Одоогийнх шигээ дотооддоо бужигнаад байх юм бол Х.Баттулга Ерөнхийлөгч дахин ялалт байгуулах магадлал улам багасна. Туршлагатай, мэдээлэл сайтай том улс төрч үүнийг харж байгаа байх гэж бодож байна. Сунгаа хийхгүй Их хурлаа хийхийг дэмжих, намын 200.000 орчим гишүүдийн оролцоогүй 1000 хүний заалны сонгуул хийхийг ерөнхийлөгч дэмжвэл гарах дотоод зөрчил өөрийнх нь сонгуульд эрсдэлтэй. Тийм учраас ирэх хаврын сонгуулийг бодож ардчилсан намын бодитой нэг лидерийн хувьд аль болох эв нэгдлийг эрхэмлээсэй, талцуулах бус нийлүүлэхийг илүү чухалчлаасай гэж хүсч байна. Тийм үүрэг хүссэн, хүсээгүй өөрт нь бий хэмээн ярьжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549