Т.Доржханд: Дэд сайд болон зөвлөхүүд гэх үр ашиггүй албан тушаалуудыг хасаж өгөхийг хүсэж байна

access_time 2020-07-02
remove_red_eye 192

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Доржхандын үгийг хүргэж байна.

Тэрбээр, Шинэчлэн батлагдсан Үндсэн хуулийн дагуу ажиллах болсон Танд баяр хүргэж, амжилт хүсье. Багаа өөрөө мэдэж бүрдүүлэх болсны хувьд Та дараа дараагийн Ерөнхий сайдад жишиг болох хариуцлагатай, түүхэн цаг хугацаа гэж харж байна. Өмнөх Ерөнхий сайдад ийм боломж олдоогүй. Засгийн газраа өөрөө мэдэж бүрдүүлэх болсон Танд гурван зүйл захимаар байна.

1-рт, ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүн маш цомхон, чадварлаг байх хэрэгтэй. Үүний хүрээнд төрийн үйлчилгээнд технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг маш яаралтай нэвтрүүлж өгөөч ээ. Энэ ажлын хүрээнд Технологи, инновацийн яамыг бүтэцдээ оруулж өгөөч гэсэн хүсэлт байна.

2-рт, 2016 оны алдааг давтахгүйн тулд шинээр байгуулах Засгийн газрын гишүүд маш сайн мэргэжилтнүүд баймаар байна. СOVID-19-ийн хямрал, хар саарал жагсаалт, бондуудын төлбөр, төсвийн алдагдал гээд маш олон бэрхшээлтэй Засгийн газрын та хүлээн авч байна. Тиймээс Сангийн сайд нь өндөр түвшний мэргэжилтэн, туршлагатай, шинэчлэлийг зоригтой хийж чаддаг баймаар байна.

Нөгөө талаар үеийн үед мэргэжлийн хүн томилогдож байгаагүйгээс Монголд боловсрол, эрүүл мэндийн салбар орхигдлоо, шинэчлэл хийгдэхгүй өнөөг хүрлээ. Яг энэ хоёр салбарт мэргэжлийн, шинэчлэлийг зоригтой хийх, ачаа үүрэх чадвартай залуучуудыг томилооч гэж хүсэж байна.

3-рт, Засгийн газрын бүтэцдээ дэд сайд, агентлагуудын дэд дарга нар, дарга нарын зөвлөхүүд гэх мэт үр ашиггүй олон албан тушаалуудыг та эр зоригтойгоор цомхотгож өгөөч. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавихад ч хүндрэлтэй, төсвийн ачаалалтай байгаа энэ үед үр ашиггүй албан тушаалуудыг хасаж өгөөч.

Эцэст нь хэлэхэд, Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбар реформ хийгдсэнгүй. Энэ ажлыг зоригтойгоор барьж авах мэргэжилтнүүд нь байхгүй байна. банкны салбарын реформ хиймээр байна. Санхүү, хөрөнгийн зах зээл, даатгалын системд шинэчлэл хиймээр байна. Үр дүнд нь авлигын ялзарсан систем байсаар байна.

Ерөнхий сайд аа, Ямар улс хөгждөг вэ гэхээр Засгийн газар нь бизнесээс хамааралгүй, улс төрөөс ангид байсан улсууд л хөгжсөн байдаг. Таны хувьд яг ийм түүхэн үүрэг ногдож байна. Улс төр, бизнесийн ашиг сонирхлоос Засгийн газраа хамгаалж явах ажлыг та нэр төртэйгөөр хийгээч гэж хүсэх байна гэв.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549