Сонгуулийн албан ёсны дүнг танилцуулаагүй үед ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхыг нам, эвслийн удирдлагуудад анхааруулав

access_time 2020-06-23
remove_red_eye 102

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил дуусаж, сонгогчийн санал авах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан сонгуульд оролцож буй нам, эвслийн удирдлагуудад сонгуулийн бэлтгэл ажлын тухай танилцуулж, цаашид сонгуулийн албан ёсны дүн гарталх хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах ажиллах, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтад цагдаагийн болон тагнуулын байгууллага, улсын бүртгэлийн байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд тус тусын хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад тодорхой хариулт өглөө.

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт болчимгүй мэдэгдэл хийж эхэлж байгаад харамсаж байна

Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Сонгуулийн 2,070 хэсгийн хороонд 35 мянга гаруй хүн ажиллаж байна. Сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахад иргэд сонгогчид, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажилтнууд, сонгуулийн хороодын нийт бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй.

Нам, эвслийн удирдлагуудад анхааруулж хэлэхэд Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны сонгуулийн дүн танилцуулаагүй байхад ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна. Зарим нэг нам, эвслээс сонгогчийн санал авах ажил ч эхлээгүй байхад сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээлэл хийж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт болчимгүй мэдэгдэл хийж эхэлж байгаад харамсаж байна. Ийм төрлийн үйл ажиллагаа, мэдэгдэл нь хууль зөрчиж, сонгогчдын эрхэд хүндэтгэлгүй хандаж буй үйлдэл гэдгийг ухамсарлах ёстой” хэмээв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ягштал мөрдөж ажиллах, хууль зөрчсөн үйлдэлд Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулахаар заасан байдгийг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549