Өчигдөр үерийн улмаас хоёр хүн амиа алдаж, 381 айл үерт автжээ

access_time 2020-06-22
remove_red_eye 113

2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-69.0 мм бороо орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үер бууж, үерийн улмаас айлууд болон автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллажээ.

Үерийн улмаас 2 хүн амь насаа алдаж, 4,400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр үерт урсаж, 83 хашаа нурсан байна.

ОБЕГ-т ирсэн дуудлагууд:

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалантын булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн У /13 настай, эрэгтэй/, Хайрхан багийн “Тэрвий” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 77 км-т/ Дундговь аймгийн харьяат иргэн С /23 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Довын хайрхан”, “Ширээгийн булаг”, Баян сумын “Их-Элгэн” гэдэг газар нутаглаж байсан малчин М-ын 900 бог, 4 бод, Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1,000 орчим бог мал үерт өртөж хорогджээ.

Төв аймгийн Зуунмод суманд 181 айлын гэр, 4 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автаж, 6 гэр урсаж, 53 хашаа нурсан, мөн аймгийн Алтанбулаг суманд 200 өрх айл усанд автаж 30 хашаа нурж, 10 гэр урссан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж, 57 автомашин уснаас татан гаргасан байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Мухар” гэдэг газар уруйн үерийн улмаас тус сумын иргэн А-ын 4 ханатай гэр, 1,000 орчим бог мал, бага оврын ачааны автомашин, мөн багийн “Банзарын хоолой” гэдэг газар иргэн Д-ийн 6 ханатай гэр, 2 мотоцикл, мөн багийн Баянбулаг гэдэг газар иргэн Г-ийн 5 ханатай гэр үерт урсжээ.

Мөн Говьсүмбэр аймгийн төвөөс хойд зүгт 75 км-т “Ланд круйзер” загварын суудлын автомашинтай БНХАУ-ын харьяат 2 иргэн, Малх багийн “Банзарын хоолой” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549