Умард Солонгос 3,000 бөмбөлөгт зүүсэн 12 сая ухуулах хуудсыг Өмнөд Солонгос руу илгээнэ

access_time 2020-06-22
remove_red_eye 89

Умард Солонгосын эрх баригчид нийт 12 сая ширхэг суртал ухуулгын зурагт хуудсыг 3,000 агаарын бөмбөлөгт зүүж, Өмнөд Солонгос руу илгээх болсноо өнөөдөр зарлажээ.

Үүнийгээ “шийтгэлийн хариу арга хэмжээ” гэж Пёньяны төв хэвлэлд тодорхойлсон байна.

Өмнөд Солонгосын талаас зарим идэвхтнүүд, Умардаас ирсэн дүрвэгчид суртал ухуулгын материалыг ийм аргаар хил давуулдаг.

Сүүлийн үед Пёньяны дэглэм агаарын бөмбөлөг хөөргөхөө зогсоохыг Өмнөд Солонгосын эрх баригчдаас шаардаж байгаа. Шаардлагыг биелүүлэхгүй бол янз бүрийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлж байв.

Сүрдүүлгийн түрүүч нь хэрэгжиж эхлээд байгаа. Тухайлбал энэ сарын эхээр хоёр Солонгосын харилцаа холбооны бүх шугамыг тасалсан бол өнгөрсөн долоо хоногт хилийн ойролцоо оршдог хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн юм.
Суртал ухуулгын материалуудыг хэзээ хил давуулахаа Умард Солонгосын тал мэдээлээгүй байна. Энэ долоо хоногийн Пүрэв гарагт 1950-1953 оны Солонгосын дайн эхэлсний 70 жилийн ой тохиох бөгөөд энэ өдөр илгээж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Өмнөд Солонгосын засгийн газар саяхан хил давуулж суртал нэвтрүүлэг явуулах үйл ажиллагааг хориглох хуулийн төсөл боловсруулж эхэлсэн юм.

Харин Умард Солонгосын тал үүнийг хэтэрхий оройтсон арга хэмжээ гэж шүүмжилж байна.

Эх сурвалж: Yonhap News

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549