Covid-19: 8.5 сая хүн халдвар авч, 455 мянган хүн нас барав

access_time 2020-06-19
remove_red_eye 47

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 130,990 шинэ тохиолдол, 4,895 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр /2020.06.19/-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 8,560,846 болж, 455,347 хүн нас бараад байна. Эдгэрсэн хүний тоо 4,504,221 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,601,278 болж, 54,570 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,098 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 58.4 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон 13 хоногтой нярай амиа алдсан талаар Английн NHS агентлаг мэдээлснийг ВВС уламжлав. Шеффилд хотын Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүгийн биеийн байдал маш хүнд байсан бөгөөд Даваа гариг (2020)-т нас барсан байна. Хүүд хийсэн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд нас баралтын нарийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж. Английн эмнэлгүүдэд коронавирусийн улмаас 13-96 насны нийт 62 хүн нас баржээ.

Дэлхийн улсууд аюулт цар тахлын вакциныг гарган авахаар шамдан ажиллаж байна. Тухайлбал, Японы судлаачид коронавирусийн вакцины эмнэлзүйн туршилтыг энэ сарын сүүлээр эхлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ. Осака мужийн Эрүүл мэндийн газрууд, их сургуулиудын судлаачдын гарган авсан уг вакциныг амьтад дээр хэдийн туршчээ. Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүмигийн мэдээлснээр, коронавирустэй тэмцэхэд эм, вакциныг гарган авахын ач холбогдлыг онцлоод, Японы мужуудаас Осакад анхны туршилтыг хийх гэж буйг тэмдэглэсэн байна. Японд коронавирусийн халдварын 17600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 930 хүн нас баржээ.

АНУ-ын эрх баригчид коронавирусийн халдварын эсрэг вакциныг гаргаж авах туршилтыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.

Вакцины гурав дахь үе шатны туршилтыг хүн дээр хийж явуулах үлдээд байгаа аж. Тус туршилтыг АНУ-ын нутаг дэвсгэр дэх хэдэн арван томоохон лабораторид хийж явуулах бол ойролцоогоор 10 мянга гаруй хүн туршилтад хамрагдах тооцоо гарчээ. Туршилтыг ирэх долдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.


ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.19-ний 07:00 цагийн байдлаар)

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549