Путинийг шүүмжилсэн сэтгүүлчийн амийг хөнөөх ажиллагааг таслан зогсоосноо Гүржийн засгийн газар мэдээлжээ

access_time 2020-06-18
remove_red_eye 122

Өнгөрсөн онд телевизийн шууд нэвтрүүлгээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжилж байсан сэтгүүлчийн амийг хөнөөх нууц ажиллагааг таслан зогсоосноо Гүрж улсын эрх баригчид саяхан мэдээлжээ.

“Гүржийн нууц албаныхан маш ноцтой гэмт хэрэг үйлдэгдэх гэж байсныг таслан зогсоосон” гэж тус улсын ерөнхий сайд Георгий Гахария сэтгүүлчидтэй уулзахдаа ярьсан байна.

Сөрөг хүчний талын телевизийн сувгийн хөтлөгч Георгий Габуниягийн амийг хөнөөх даалгавартай алуурчин Оросоос Гүржид ирсэн ажээ.

Алуурчин нь Васамбег Боков гэгч байсан бөгөөд Чечений удирдагч Рамзан Кадыровын даалгавраар Гүржид ирснийг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт Гүржийн тагнуулын албанаас гаргасан мэдэгдэлд “Ингуш үндэстэн Оросын иргэн ВБ гэгч хуурамч бичиг баримтаар Гүржид нэвтэрснийг илрүүлж, захиалгат аллагын хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэжээ.

Өчигдөр буюу Лхагва гарагт Гүржийн гадаад хэргийн яам “сэтгүүлчийн амийг хөнөөх ажиллагаа зохион байгуулсан нь байж боломгүй явдал” гэж мэдэгдсэн юм.

Гүржийн талын мэдэгдлийн дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг няцаасан бол Кадыров өөрийгөө холбоогүй болохыг сошиал хуудсандаа мэдэгдсэн байна.

“Надад итгээрэй. Хэн нэгэн миний тушаалаар ажилласан бол даалгавраа биелүүлэх л байсан. Хэрвээ даалгавар биелсэн бол энэ талаар хэн ч мэдэлгүй өнгөрөх байсан” гэж тэр бичжээ.

Кадыров бас Гүржийн сэтгүүлчийг өвдөг сөгдөн уучлал гуйх ёстой, үгүй бол миний дайсан хэвээр үлдэнэ гэж мэдэгдсэн байна.

Орос, Гүрж улсуудын хооронд газар нутгийн маргаан зөрчил олон жил үргэлжилж байгаа. 2008 оны наймдугаар сард хоёр улс богино хугацаанд дайтаж байв. Өмнөд Оссет, Абхазийн салан тусгаарлагчдыг ОХУ дэмжсэнээр уг дайн гарч байжээ.

Европын Холбооны зуучилсан гал зогсоох тохиролцооны дараа Гүржээс ОХУ цэргээ гаргаж байв. Уг дайны дараа ОХУ салан тусгаарласан бүс нутгуудыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн бол Гүрж улс ОХУ-тай диплоат харилцаагаа тасалж байжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549