Оросын тэргүүлэх туйл судлаач Хятадын талд нууц мэдээлэл дамжуулсан хэргээр баривчлагджээ

access_time 2020-06-16
remove_red_eye 158

ОХУ-ын умард туйл судлалын хамгийн том экспертүүдийн нэг улсынхаа нууцад хамаарах мэдээллийг Хятадын талд дамжуулж байсан шалтгаанаар баривчлагджээ.

Тодруулбал Оросын Умард Туйлын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ерөнхийлөгч, Хятадын Даляний Далай Судлалын Их сургуулийн зочин профессор Валерий Митько нууц мэдээллийг Хятадын тусгай албадад дамжуулж байсныг илрүүлсэн байна.

Одоо 78 настай Митько өөрийгөө буруугүй гэж мэдүүлж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 20 хүртэл жил шоронд хоригдох ажээ.

Энэ явдал нь Орос, Хятад улсууд өрнөдийн эсрэг стратегийн түншлэл үүсгэдэг ч хоорондоо бас өрсөлддөгийг харуулж байна.

Митько профессор анх хоёрдугаар сард баривчлагдсан бөгөөд одоо гэрийн хорионд байгааг өмгөөлөгч нь мэдээлжээ. Түүнийг 2018 онд Хятадад илтгэл тавихаар очихдоо нууц материалуудыг дамжуулсан гэж буруутгасан байна.

Харин өмгөөлөгч нь түүнийг нээлттэй байдаг баримт материалууд авч явсан, Хятадын тагнуулынхантай огт уулзаагүйг баталж байгаа гэнэ.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Митько шумбагч хөлөг илрүүлэх нууц технологийг Хятадын талд зарсан юм байна.

Сүүлийн жилүүдэд Оросын эрдэмтэн судлаачид нууц материалыг гадаадын байгууллагуудад зарсан хэргээр шийтгүүлэх явдал нэмэгдэж байгаа.

Нэг жишээ нь 79 настай сансар судлаач Владимир Лапыгин дуунаас хурдан нисэх онгоцны тухай нууц мэдээллийг Хятадад зарсан шалтгаанаар 2016 онд долоон жилийн хорих ял сонсож байжээ.

Тэр өнгөрсөн долоо хоногт хугацаанаасаа өмнө суллагдсан байна.

2018 онд өөр нэг судлаач Виктор Кудрявцев улсын нууцыг Бельгийн судалгааны хүрээлэнд зарсан хэргээр шийтгүүлж байжээ.

Митькогийн өмгөөлөгч Иван Павлов эдгээр хэргүүдийг хэлмэгдүүлэг гэж үзэж байна. “Энэ бол эрдэмтэд судлаачдын эсрэг зарласан дайн. Гадаадын судлаачидтай харилцахгүйгээр шинжлэх ухаан яаж хөгжих юм бэ?” гэж тэр хэвлэлд ярьжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549