Ёсзүйн дело №6: Б.Энх-Амгалан сайд аа! Та дээрмийн гэрээний хаагуур өнгөрөв өө?!

access_time 2020-06-10
remove_red_eye 296

-Дамбын Хишигжаргал тонн тутамд нэг сая төгрөг “унагаад” байхад МИАТ-ийн тийз хямдрах уу?-

Дамбын Хишигжаргал гэгч цагийг эзэлсэн рецедив бий. УИХ-ын 2016 оны сонгуулийг угтан өсөж торнисон Шувуун фабрикаасаа биш Булганы Гурванбулагийг нутагаа гэж хүндэтгэж Хөгнө хан хайрханаа тахиж, түмэн адууны баярт зориулан 16 сум тус бүрд 10 сая төгрөг илгээж байсан сайхан мэдээгээр хэвлэлүүдэд бичигдсэн. Мөн Булган аймгийн ИТХ-ын сонгуульд Гурванбулаг сумаас нэр дэвшин өрсөлдөж 37.54 хувь буюу 598 сонгогчийн санал авсан нь түүнийг сонгуульд чамгүй тоглогч болох нь гэсэн найдвар төрүүлж байв.

Үүгээр ч зогсохгүй 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины хүү, тухайн үед Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин, ТУЗ-ийн дарга Д.Туваан нарын даалгавраар “Модун хаан” зургаан тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг тус гаргасан байдаг. Саяхан Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр очихоос хэдхэн хоногийн өмнө энэ зээлийн төлөлтийг лавлахад “хэвийн төлөгддөг” гэхээс өөр хариулт өгөөгүй. Энэ зээлийн хүсэлтийг М.Энхболд тэргүүтэй уяач фракцийнхны нөлөөгөөр бүтсэн гэж харддаг нь ч бусад “уяач”-ийн бизнесийн амжилтаас анзаарагддаг. Харин яагаад энэ удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнгүй вэ? Ямар тохироо хийв? Тойрогт нь бас нэг шатахууны шахаачин, Зам тээврийн сайд асан нар яваа болохоор тэр үү?

Д.Хишигжаргал “Ирээдүйн Булган, эрүүл ирээдүй” гэдэг ТББ-ыг 2015 оны аравдугаар сарын сүүлчээр байгуулж эгээ л нэр дэвшигч шиг ажиллуулж эхэлсэн. Яг жилийн дараа буюу 2016 оны аравдугаар сард “Модунхаан групп” Д.Хишигжаргалын нэр дээр шилжсэн байлаа. Харин 2017 оны аравдугаар сард“Ай Эй Ди Пи” ХХК байгуулсан байдаг. Үүнээс улбаатай “Ай Эй Ди Пи повер плант” гэх компани нь МИАТ-ийн Дайны эрсдлийн сангийн мөнгийг угаасан гэх хэргээр ял эдэлж дуусаад удаагүй байгаа Ч.Хоролсүрэнтэй холбогддог. Улмаар 2019 оны аравдугаар сарын 11-нд шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиа Авиашин Фүел” ХХК-ийг эзэмших болжээ.

Жил жилийн аравдугаар сард өгөөжөө өгдөг ямар “жимс” олсон нь сонирхол татав.

Д.Хишигжаргал “МИАТ”-ийн Дайны эрсдлийн сангийн мөнгийг угаасан хэргээр ял авсан Ч.Хоролсүрэнтэй бизнесийн холбоотойг суудаг албан тасалгаанаас эхлээд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээллийн олон баримт нотолно. Тиймээс ч Зам,тээврийн хөгжлийн салбарт ихээхэн сонирхолтой байдаг. Харин чухам хаана нь ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байв гэдгээс ганцхан жишээг эш татъя.

Дээр дурдсан 2019 оны аравдугаар сарын 11-нд шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтnйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиа Авиашин Фүел” ХХК сонирхол татаад байгаа юм. Авиашин гэхийг бодоход онгоцны түлшний нийлүүлэлтэд ч оролцдог биз гэж бодтол батлагдах нь тэр ээ.

Агаарын хөлгийн шатахуун хангамжийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээг ИНЕГ-аас 2020 оны хоёрдугаар сарын 19-нд тэднийд олгосон нь ирэх оны хоёрдугаар сарын 18-нд дуусах юм байна.

Дамбын Хишигжаргалын “Монголиа Авиашин Фүел” ХХК 2020 оны 2 дугаар сарын 13-нд Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахууны хангалтын албатай нэг тонн тутам нь 2 сая 760 мянган төгрөг байхаар Агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Яг өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр энэ төрлийн шатахууны үнэ тонн тутам нь 279.1 ам.доллар, Ази, Номхон далайн орнуудын ханшаар 270.25 ам.доллар байна. Дэлхий дээр нислэгүүд 70-85 хувиар буурсан тул эрэлт багасч үнэ асар буурсан энэ явц бүр энэ оны нэгдүгээр сараас л эхэлсэн. Гэтэл гэрээнд дурдсанаар 1 тонн шатахууныг 2 сая 760 мянган төгрөгөөр бодож байгуулсан нь өнөөдрийн байдлаар ам.долларт шилжүүлэхээр 985 ам.доллар, тухайн нэгдүгээр сарын ханшаар бол бараг 1000 ам.доллараар Дамбын Хишигжаргалын шатахууныг ИНЕГ-т шахсан байна.

Өнөөдрийн ханшаар бодоход нэг тонн нь 270 ам.доллар буюу 756 мянган төгрөгтэй тэнцэх ханштай байгаа шатахууныг тонн тутмыг нь 2 сая 760 мянган төгрөгөөр шахаад байх энэ гэрээнд дуусгах хугацаа дурдагдаагүй. МИАТ ТӨХК-ийн шатахуун авдаг ханш 700 ам.доллараас хэтэрдэггүй. Бүр сүүлийн гурван жилийнхээр энэ ханшаас хэтрээгүй, 700 ам.доллар гэдэг нь 1 сая 960 мянган төгрөг. Гэрээнд тонн тутмыг нь 2 сая 960 мянган төгрөгөөр гэрээ байгуулжээ. Тонн тутам дээр нэг сая төгрөг нэмчихье, хэн ч шалгаж мэдэхгүй гэдэг юм болов уу.

Ингээд гэрээ байгуулсны маргааш нь буюу 2020 оны 2 дугаар сарын 14-нд Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахууны хангалтын албаны нэр дээрх Голомт банкны 1305117848 тоот дансаас “Монголиа Авиашин Фүел” ХХК руу 9 тэрбум 936 сая төгрөг ТС-1 шатахуунытөлбөр гэсэн утгатайгаар шилжсэнийг Шилэн данснаас харна уу. Энэ дээрэм биш гэж үү?

Хамгийн оргил ханшны үе гэх 2011-2012 онд 1750 ам.доллар, 2013 оноос хойш 1000 ам.доллар хүртлээ буурч сүүлийн таван жилд, Монголд нэг тонн шатахуун 700 ам.доллараас хэтрээгүй гэж байна. Эндээс харахад тонн тутмаас 300 ам.долларын ашиг унагааж нэг нислэгт 15-40 тонн шатахуун нийлүүлээд байхаар зорчигчдын тийзний үнэ яаж буурах вэ? МИАТ-ийн тийз үнэтэй байна гээд байдгийн цаад шалтгаан энэ аж.

Дараагийн удаад “Монголиа Авиашин Фүел” ХХК ямар замаар“МИАТ”-ийн Дайны эрсдлийн сангийн хэргээр яллагдаж байсан Ч.Хоролсүрэнгээс Дамбын Хишигжаргалд ирсэн, “Содмонгол”, “А жет лимитид”, “Алхана” нарын эзэн Ц.Анандбазар тэнд ямар үүрэг гүйцэтгэсэн талаах гинжин хэлхээнд хөтлөх болно. Энэ бүхэн дээрмийн чанартай бизнес бөгөөд “МИАТ”-ийн тийзний үнэ яагаад буурдаггүй шалтгаан байсныг олон нийт мэдэх ёстой.

Дашрамд дурдахад арваадхан хоногийн өмнө Д.Хишигжаргалын“Монголиа Авиашин Фүел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ХК-ийг хариуцагчаар татсан шүүхийн маргаан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд очсон. Энэ ямар учиртай хэрэг байв, “МИАТ” ХК-ийн эргэн тойронд юу болоод байгааг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Та УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй энэ өдрүүдэд олон нийтэд тайлбарлаж өгнө үү! Өмнөх ажилдаа эзэн болж иргэддээ тайлбарлаж тайлагнаагүй нууцалж байгаа тохиолдолд дахин сонгох боломжгүй гэдгийг сануулъя!

/Үргэлжлэл бий/

Эх сурвалж: нийтлэлч У.Оргилмаа 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549