“Иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээг илүү бэхжүүлэхийн төлөө багаар нь дэмжинэ” гэв

access_time 2020-06-09
remove_red_eye 228

 

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн уулзалтаа Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс албадын ажилтан, албан хаагчидтай уулзаж эхлүүллээ.

Уулзалтаар УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг мэдээллээд, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5-7 хувь өсгөж, нийт 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүү дарж, өрийн дарамтыг бууруулсан. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, махны экспортыг 4-5 дахин нэмэгдүүлж, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болгосны зэрэгцээ төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Ирэх жилүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь бууруулахаас гадна “Монгол мал-II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг өрнүүлж, органик хүнс экспортлогч орон болох томоохон зорилтуудыг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлсэн юм.

 

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх үү, үгүй юу гэдэг чухал шийдвэрийн өмнө бид бүхэн ирээд байна. Бид олон Засгийн газрын нүүр үзсэн. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар богино хугацаанд олон үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэдгийг та бүхэн мэднэ. Төрийн байгууллагуудын хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан болж байна. Иймд цаашид бэрхшээлийг даван туулах, монгол төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон төрийг цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн парламентаар дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ УИХ баталсан. Үүгээрээ энэ удаагийн сонгууль түүхэн сонгууль болж байна. Манай алслагдсан гурван дүүргийн зовлон, жаргал үүссэн замнал, ирээдүйн зорилго тэмүүлэл нэг” хэмээлээ.

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир “Нийтээрээ бүх шатанд төрийн албанд итгэх итгэл суларсан юм шиг харагдах болсон. Төрийн түшээдээсээ эхлээд хариуцлагагүй үйлдлүүд гаргаж байгаа учраас ийм хандлага бий болж байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газар ил тод нээлттэй, шударга ёсыг эрхэмлэсэн төрийг бий болгохыг зорьж ажиллалаа. Энэ удаагийн сонгууль үүнийг үргэлжүүлэх эсэхийг шийдэх чухал сонголт болно. Сэтгэлтэй хүн төрийн албыг хашдаг. Төрийг тогтвортой байлгах талаар олон зүйл, заалт манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан” гэдгийг онцолж хэлсэн юм.

 

Уулзалтын төгсгөлд Багануур дүүргийн ИТХ-ын болон ЗДТГ-ын хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдын зүгээс хоёр нэр дэвшигчдэд хандан “Бидэнд тулгамдаж байгаа асуудлыг бүх шатанд мэддэг хүмүүс энэ удаагийн сонгуульд манай тойрогт нэр дэвшиж байгаад иргэн хүний хувьд баяртай байна. Нийслэл, дүүргийг хөгжүүлэхийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэж, иргэдийнхээ дунд орж ажиллан, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилладаг Хотын дарга С.Амарсайханы үйл хэрэгт бахархалтай ханддаг. Ц.Сандаг-Очир даргын хувьд алслагдсан дүүргийн төрийн албан хаагчдын зовлон, жаргалыг хэнээс ч илүү мэдэх хүн учраас цаашид дэмжинэ” гэдгээ илэрхийлээд хоёр нэр дэвшигчдийг УИХ-д төлөөллөө болгон илгээж, бүх шатанд төрийн албаны хүнд суртлыг арилгаж, иргэдээ дээдэлдэг төрийн үйлчилгээг илүү бэхжүүлэхийн төлөө гар нийлэн ажиллана гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549