Ховдоос төрд горилогч тэрбумын хадгаламжтай Ш.Адьшаа

access_time 2020-06-03
remove_red_eye 142

Монголын улстөрч дундаас чамгүй олон удаа хэвлэлийн баатар болж байсан хүний нэг нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Адьшаа. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ховд нутагтаа нэр дэвшихээр горилох санаатай байсан ч МАН-аасаа  жийгдсэн. Түүнийг иргэд улстөрч гэхээс нь илүүтэй “гааль”-ийн гэх тодотголоор нь сайн мэднэ. Учир нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын хам хэрэгтнээр тодорч шалгагдсан нь улс төрд хар тамга даруулах эхлэл болж байв.

“Бичигтийн боомтоос төрсөн тэрбумтан”  гэж цоллогдож, удалгүй “Ачит-эх мед” эмнэлэг зэрэг томоохон компаниудын “эзэн” болох нь цацагдаж байв. Ингэж монголын тэрбумтнуудын тоог Ш.Адьшаа нэгээр нэмсэн Төрөлх нутгийнхаа тойргоо “Ховд Хөгжлийн төлөөх сан”-гаараа дамжуулан багагүй усалсан гэх бөгөөд энэ удаагийн сонгуульд мөн л АН-аас нэр дэвшихээр болсон. Гэхдээ түүнд боломж бараг байхгүй гэхэд болно. Учир нь өнгөрсөн 2015 онд ЖДҮХС-аас зээл авсан нь баримтаар ил болсон билээ.

Тодруулбал, Ш.Адьшаагийн “Ховд хаан бирж” компани нь зургаан тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл ч зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн мэдээлэл цацагдаж байлаа. Энэ удаагийн сонгууль АН-аас Ховд нутагт томилолт өвөртөлсөн түүний хөрөнгө чамгүй зузаан. Тухайлбал, түүний жилийн орлого 950 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 18.3 сая төгрөг. Нийт 8 ТЭРБУМ 713 САЯ төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай. 937 сая төгрөгийн үнэтэй автомашины “цуглуулга”, 880 сая төгрөгийн хурдан удмын 55 адуу. 200 сая төгрөгийн газар, 890 сая төгрөгийн үнэт эдлэл, хадгаламжийн үлдэгдэл нь 1 ТЭРБУМ 248 САЯ төгрөг бол бусдаас 200 сая төгрөгийн авлага, 105 сая төгрөгийн зээлтэй гэжээ.Мөн “Ховд бирж ХААБ”, “Сити-энержи”, “Хүннү МН”, “Ачит-Арвис”, “Алтай эко хүнс”, “Ачит-эх мед”, “Грэйтблюмаунтайнс”, “Империалмаксимус корпорейшн”, “Ти Ти Би Эй”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компанийн хувьцааг 30-100 хувь эзэмшдэг гэжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549