СХД-ийн иргэд  Д.Кёкүшюзан Батбаярт ямар өртэй юм бэ

access_time 2020-06-02
remove_red_eye 631

 

Д.Кёкүшюзан Батбаяр хэдхэн сарын өмнө Азийн цахим мөнгө, бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө угаасан гэх мэдээлэл  хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан . Түүнийг 380 сая орчим ам.доллар буюу монгол мөнгөөр 800 гаруй тэрбум төгрөг угаасан хэргээр Японы тал болон Монголын тагнуулийн байгууллага , цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж хилийн хориг тавьсан гэх талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Гэвч тэрээр өнөөдөр АН-аас СХД-т нэр дэвших батламжаа гардаж авлаа.

Д.Кёкүшюзан Батбаяр УИХ-ын гишүүн байхдаа юу хийж байв 

Сумогийн ертөнцөөс зодог тайлаад Монголдоо ирээд Их хурлын гишүүн болсон зайтай эр. Японы мэргэжлийн сумогийн холбооноос “Та нэг бол барилд, эс бол бизнесээ хий” гэж шахсан учир аргагүй зодог тайлсан гэдэг. Арлын орны бөхийн холбооноос сануулга автлаа бизнес хийсэн гэхээр чамгүй наймаачин гэдэг нь шууд харагдана.
Түүний УИХ-ын гишүүн болсон шалтгаан нь харин тун амархан. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт нэрээ дэвшүүлж, улмаар УИХ гишүүн болчих юм бол дүүргийн 20 мянган иргэнийг эхний ээлжинд Япон уруу гаргана гэж ёстой бүлтэртэл амлаад л гишүүн болчихсон. Мэдээж, Японоос дөнгөж ирчихсэн, нэр хүнд нь ч өнөөдрийнх шиг уначихаагүй сумочид итгэсэн сонгиночууд арлын оронд ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр Д.Батбаярт саналаа өгчихсөн хэрэг.
Тухайн цагт арлын орон уруу явж, амьдрал ахуйгаа өөд татах тухай яриа баруун дүүрэгт ид газар аваад байв даа. Харин тэрбээр УИХ-ын гишүүн болоод хоёр жилийн дараа “Японд цунами болоод иргэдээ Япон уруу явуулах аргагүй боллоо” хэмээн инээдтэй бас өрөвдмөөр тайлбар хийсэн. Тийм учраас ирэх сонгуульд Д.Батбаяр гэдэг гишүүн Сонгинохайрхан дүүргээс л лав сонгогдохгүй. Япон явуулна гэсэн 20 мянган хүний тоо түүний эсрэг хэд дахин өссөн нь дамжиггүй. Ард иргэдийн их хүсэл дээр гал асааж гарч ирсэн бол ард түмэн их гомдлоороо бас шуурга дэгдээх нь хөдөлшгүй үнэн.
Сонгинохайрханы тойрогт түүний хийсэн зүйл нэгээхэн ч үгүй. Хийсэн ажил гэвэл Н.Алтанхуяг даргынхаа шахалтаар Толгойтын 42 дугаар сургуулийн талбайг түшиглэн Хүүхдийн парк байгуулалцсан. Энэ ажилд 470 сая төгрөг зарцуулсан бөгөөд цаадуул нь шахаж байгаад Д.Батбаяраар талыг нь гаргуулчихсан гэдэг.
Д.Батбаяр гишүүн байхдаа   Туул голын ай сав газрыг хамгаалах, түүний ойр орчимд аж ахуй эрхэлдэг байгууллагуудтай хариуцлага тооцох ажлын хэсгийг ахлаж байв. Энэ ажлын хэсэг байгуулсан өдөр мань эр Төрийн ордонд мэдээлэл хийж, Туул голын ай сав орчмын аж ахуйн нэгжүүдтэй “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах“ юм яриад л гарсан. Хоног хугацаа өнгөрсөөр, харин Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг юу ч хийсэнгүй. Гэтэл ажлын хэсэгт багтсан нэг нөхөр “Д.Батбаярын чулуун карьер Туулын эрэг дагуу байрладаг.
Тэгэхээр энэ хүн ажлын хэсгийг ахалж болох уу. Ийм хүнтэй хамтарч ажиллах ямар ч боломжгүй” хэмээн хэвлэлээр дэлгээдхэв. Тун ч удалгүй “Туул голыг хамгаалах үндэсний төв”-ийн тэргүүн нэгэн эрхэм Д.Батбаярын чулууны үйлдвэрийн зураг хөргийг гаргаж ирээд хэвлэлээр тарааж, сумоч Туул голыг хамгаалах ямар ч боломжгүй нь харагдав. Энэ үед тэрбээр ахуйн нэгжээ нүүлгэх хэцүү, байх хэцүү нэг хэсэг хэвлэлийн бай болоод мартагнасан. Ингээд хөөрхий сумочийн төрд ажиллах хугацаандаа ганц удаа ажлын хэсэг ахалсан нь бөөн будилаан болж нурсан юм даа.
Харин З.Алтай, Ц.Цэнгэл нарын гишүүдтэй хамтраад Казиногийн тухай хууль санаачилжээ. Мэдээж ямар нэг хууль санаачилж боловсруулдаггүй нөхрийг гэнэт Казиногийн хууль санаачлахаар хүмүүс нэлээд гайхсан байх. Гэтэл энэ нь цаанаа бас л учиртай. Юу гэвэл түүний мэдлийн “Кёкүшюү” цамхагийн таван давхарт казино байрлаж байна. Д.Батбаяр нууц бизнесээ ил болгохын тулд хууль санаачиллаа гэх зэрэг мэдээлэл тарж байсан. Чухам үнэн худлыг хэн мэдлээ, тухайн цагт өөрийнх нь ярьж байсан зүйлийг сийрүүлье. Тэрбээр энэ үед ярилцлага өгөхдөө “Ер нь казино хаана байна, тэнд мөнгө эргэлдэж байдаг.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд нэр бүхий 10 гишүүн Хязгаарлагдмал хариуцлагатай казиногийн хуулийг санаачлан боловсруулж өргөн барьсан байгаа. Манайд л болохгүй, бүтэхгүй, аймаар гээд байгаа болохоос биш энэ чинь олон улсад дэлгэрсэн бизнесийн нэг л төрөл шүү дээ. Японы хотын дарга нь хүртэл казино байгуулъя гэж зарласан байна лээ. Манай улс зөвхөн газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн салбарт анхаарлаа хандуулаад байж болохгүй, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй.
Энэ салбарыг хөгжүүлж чадвал их хэмжээний орлого олох боломж байна” хэмээн ярьсан нь бий. Ярьснаас үзэхэд болохгүй ч юмгүй, хүнээр заалгаагүй бол тун зөв юм ярьсан байна лээ. Гэхдээ чухам далд бизнесээ ил болгох гэсэн үү, үнэхээр улс орондоо казиногийн талбараас мөнгө оруулж ирэх гэсэн үү.  Тэр ч бүү хэл “Барилдаж байх үедээ сонирхоод гадаадын орнуудад очихдоо тоглодог байсан. Монголд амраад буцахдаа барилдаад авсан шагналынхаа хэдэн төгрөгөөр Сөүлээр дайрч тоглодог л байлаа” гэж үнэнээ хэлсэн байдаг.
Сүүлд энэ хүний талаар  нүүрсний орд газраа БНХАУ-ын иргэн Хо нэрт хүмүүст 32 сая доллараар зарсан байж болзошгүй нэгэн бичлэг сошиал орчинд тархаад байсан Уг бичлэгт Цэкү буюу Цэрэндорж, Бямба, БНХАУ-ын иргэн Хо, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын нэрс дурдагдаж байсан юм.
Хотын хамгийн том дүүрэг, гэр хороолол ихтэй эмзэг бүлгийн иргэд түлхүү амьдардаг СХД-ийн иргэд  Д.Кёкүшюзан Батбаярт яг ямар өртэй юм болоо. Өмнө нь энэ хүнд итгэл хүлээлгэж улс төрд илгээж байсан. Тэглээ гээд СХД-ийн иргэдийн амьдрал огт өөрчлөгдөөгүй. Харин эрхэм сумочийн бизнес тэлж хөгжсөөр байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549