Канад улс марихуаны хомсдолд оржээ

2018-10-23 778 0

 

Канадад хар тамхийг хуулиар хүлээн зөвшөөрснөөр зах зээл дээр марихуаны эрэлт хэрэгцээ огцом ихэсч, хомсдолд орж эхлээд байгаа ажээ. Зарим дэлгүүрүүдийн гадаа маш урт дараалал үүсч, марихуан дууссан гэдгийг сонссон үйлчлүүлэгчид зохисгүй авир гаргаж байгаа тухай худалдаачид хэлж байгаа юм.

Торонто хотын цагдаагийн газрын дарга асан, хар тамхийг хуульчлах хөтөлбөрийг санаачилсан парламентын гишүүн Билл Блайр Канадын CBC телевизээр өгсөн ярилцлагадаа “хар тамхины эрэлт нийлүүлэлтээсээ хэт давж байна” гэжээ.

Өнгөрсөн Лхагва гаригт /2018.10.17/ Канад улс марихуаныг тусгай зөвшөөрөл бүхий эмийн сангуудаар тогтоосон хэмжээний дагуу худалдаалж болох тухай бодлогыг баталснаар хар тамхийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь улс болсон ажээ.

Тус хуульд заасны дагуу насанд хүрсэн иргэн 30 гр хүртэлх хар тамхийг олон нийтийн газар биедээ авч явж болно, мөн гэртээ дөрвөөс илүүгүй каннабис буюу олсны ургамлыг тарьж, ургуулж болох ажээ.

Эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэх явдлыг Канад улс 2001 оноос хүлээн зөвшөөрөх болжээ. Харин Жастин Трудеаугийн засгийн газар хар тамхийг энгийн хэрэглэгчид хэрэглэж болох тухай хуулийн төслийг хоёр жилийн турш бэлдэж, ярилцсаны эцэст өнгөрсөн долоо хоногт батлуулаад байгаа юм.

Статистикийн тооцооллоор 2018 оны эцэс гэхэд нийт 5,4 сая хүн буюу Канадын нийт хүн амын 15 хувь нь тусгай зөвшөөрөлтэй эмийн сангуудаас хар тамхийг худалдаж авах төлөвтэй байгаа ажээ. Харин каннабис буюу олсны ургамлыг тарьж ургуулах тусгай зөвшөөрөлтэй Канадын компаниуд жилд 400,000-500,000 килограмм хүртэл хэмжээгээр хар тамхийг зах зээлд нийлүүлэх чадалтай байна.

Холбоотой мэдээ