“Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг АТГ-ынхан шалгаж эхэллээ

2018-10-23 577 0

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн ордоос 340 мянган тонн нүүрс хулгайд алдсан, үүнийг нь холбогдох байгууллагууд нотолсон хэмээн мэдэгдэж, АТГ-аар шалгуулахаар өнгөрсөн гуравдугаар сард хандаж байсан билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар прокурорын байгууллагын эх сурвалжууд хэллээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийнхөө эзэмшлийн “Тавантолгой транс” ХХК-д нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлсэн.

2010-2017 онд “Тавантолгой транс” ХХК-иас авах авлагаас хоорондын тооцоо нэрээр 17.8 тэрбум төгрөг авалгүй хаасан, тус тээвэрлэгч компанийн экспортолсон нүүрсний хэмжээ “Тавантолгой” ХК-ийн борлуулсан хэмжээнээс зөрүүтэй гарсан” зэрэг үйлдлийг шалгаж байгаа. Санхүүгийн нэлээд олон зүйл шалгах учраас хугацаа шаардах байх гэсэн юм.

Нүүрс алга болсон хэргийг 2013 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж, Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, 2010-2011 онд хоосон машинууд хилээр гарч, БНХАУ-ын талд очоод нүүрс ачсан гэх бүрдүүлэлтээр нэвтэрдэг байсныг тогтоосон ч тухайн үеийн өндөр албан тушаалтнууд нөлөөлж хэргийг хаалгаж байсан гэдэг.

Эх сурвалж:Өнөөдөр сонин

Холбоотой мэдээ