Бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэн залилсан О.Магнайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

access_time 2020-05-29
remove_red_eye 278

 

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай Ливан Улсын иргэнийг залилж 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь 724 сая төгрөгөөр үнэлэн өөрийн эзэмшлийн компанидаа шилжүүлж авсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл Ливан лусын иргэн Мохамадийн Монгол дахь өмгөөлөгчдийн гомдлоор АТГ-аас О.Магнайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Шалгалтаар О.Магнай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4 ажилтны тусламжтайгаар Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаныг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул хэргийг шийдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

О.Магнай Ливан улсын иргэн Мохамадийг хэрхэн залилав?

О.Магнайгийн ээжийг Отгонжаргал гэдэг. “Анаг сархиа” ХХК-ийг эзэн. Энэ компани БЗД-т 800 м2 газар эзэмшдэг байжээ. Энэ газрыг нь О.Магнай Ливан улсын иргэн, 2011 оноос хойш Монголд хөрөнгө оруулан бизнес эрхэлж байгаа Мохамад Зухуэр Итан гэдэг бизнесменд 2014 онд бэлэн 300 мянган доллараар зарж, мөн түүний барих барилгад 320 м2 талбай авахаар гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор мөнгөө ч авч газар, компани 2-оо Мохамадийн “Сидарс” компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг аж. Гэвч 2 жилийн дараа Магнайгийн ээж Отгонжаргал “Сидарс” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 320м2 талбайгаа өгсөнгүй хэмээн зарга үүсгэж БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Шүүхийн үйл ажиллагаа ч эхлэхтэй зэрэгцээд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд БЗД-ийн нутаг дэвсгэрт буюу ДСНК-ийн хажууд байрлах тус компанийн газрын зөвшөөрлийг 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаанаар цуцлах шийдвэр гаргажээ.

Улс төрийн албан тушаалтнуудтай ойр байдгаа ашиглан О.Магнай “Сидарс” компаниас ганц 320 м2 талбайн мөнгийг нэхэмжлэхээс гадна газраа ч буцаан авах боломжтойг мэдэрч шүүхэд өгсөн нэхэмжлэлээ буцаан авч, газраа нэмж авахаар дахин хандсан байдаг. Үүнтэй зэрэгцээд Магнайгийн ээж Отгонжаргал “Баян цамхаг” гэх компанийг байгуулан Засаг дарга Су.Батболдын цуцалсан “Сидарс” компанийг шинээр байгуулсан “Баян цамхаг” компанийнхаа нэр дээр шилжүүлэн авч, 300 мянган доллараар зарсан газраа буцаан авсан байдаг.

БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр ч гарч, Магнайгийн ээж Отгонжаргалын нэхэмжлэлийг хангаж “Сидарс” компаниас 724 сая төгрөгийг гаргуулахаар шийджээ. Энэхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа ч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж, тус байгууллагын дарга хурандаа Цогжаргал бараг 2-3-хан өдрийн дотор “Сидарс”компанийн охин компани “Сидарс партнерс” компанийн эзэмшилд байсан БГД-ийн 10 хороололд байрлах 11 давхар обьектийг шууд О.Магнайгийн ээжид шилжүүлэх ажил өрнөж зах зээлийн үнэлгээгээр 4 тэрбум төгрөгөөс ч илүү үнэлэгдэх обьектийг 724 сая төгрөгөөр үнэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлжээ. Ингэхдээ “Сидарс” компанийг төлөөлөх эрх зүйн эрхгүй хүнээр тамга тэмдгийг нь даруулан гарын үсэг зуруулж “Дархан цамхаг” компанийн нэр дээр шилжүүлэн өгсөн аж. Энэхүү “Дархан цамхаг” компанийг О.Магнай 100 хувийн эзэмшдэг юм.

Үүнийхээ төлөө нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4 ажилтан одоо АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд хүний 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг 4 дахин багаар буюу 724 саяар үнэлэн О.Магнайд шилжүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар авилга авсан байж болзошгүй гэж үзэж буй ажээ.

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549