СЕХ яагаад Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай гэж үзэв

access_time 2020-05-23
remove_red_eye 244

 

Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч дуусаад байна. Ийнхүү СЕХ баримт бичгийг нягталсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх, эсэхийг шийдэх юм.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын нэг болох мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх заалтын дагуу 208 бие даан нэр дэвшигч Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Гэвч энэ тоо хасагдсаар өчигдрийн байдлаар 137 бие даан нэр дэвшигчийг бүртгэснээ СЕХ-ноос мэдэгдсэн билээ. Эдгээрээс шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 2-3 хүнийг хасаж буй бололтой.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай хэмээн авч үлдээд байгаа аж. Дээр дурдсан 2-3 хүнээс бусдынх нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвших эрх нь нээгдсэн гэж хэлж болно.

“Баримт бичиг нь шаардлага хангаагүй” гэх цөөн хэдэн хүний тоонд Н.Номтойбаярыг оруулсан бололтой. Чухам ямар шалтгаанаар түүнд нэр дэвших эрхи “өгөхгүй” байгаа нь тодорхойгүй ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, СЕХ-ны гишүүн Ш.Байгалмаа “нягтлах” шаардлагатай гэсэн тайлбар хэлж материалыг авч үлдсэн болохыг эх сурвалж хэлэв.

Ямартай ч сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн цагаас эхлэн элдэв дайралт, гүтгэлэгт өртөх болсон Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн захиалга хэрэгжиж эхлэв үү гэж хардахаар байна.

Нэр дэвшигчийн баримт бичиг бүрдүүлэхдээ ямар нэгэн зөрчил гаргаагүй, хуульд заасны дагуу СЕХ-нд хүргүүлсэн атал тодорхойгүй шалтгаанаар Н.Номтойбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх үүрэг даалгавар хэн нэгэн өгч, түүнийг нь хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгийг харах үлдээд байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549