Ави, 17 настай “Стив Жобс” тахлаар баяжихаас татгалзаж байна. “Надад найман сая доллар хэрэггүй”

access_time 2020-05-23
remove_red_eye 285

 

“Би 17 настай. Надад найман сая доллар хэрэггүй. Ашиг хонжоо хайхыг хүсэхгүй байна”.
Эдүгээ дэлхий даяар хамгийн их хандалт аваад буй Covid-19 тахлын өрнөлийг шууд дамжуулдаг вэб хуудас нээж Интернэтэд хувьсгал хийсэн 17 настай Ави Шиффманы төгс хандлага энэ өгүүлбэрээс харагдана. Түүний ncov2019.live вэб хуудаст өдөрт 30 сая хүн зочилж, 700 сая хэрэглэгчтэй болжээ.
Дэлхийн улс орнууд дахь Covid-19 тахлын өрнөл, шуурхай, байнга шинэчлэгддэг тоо баримт, халдвараас сэргийлэх ерөнхий зөвлөгөө, нас, суурь өвчин зэргээс хамааралтай халдвар, эдгэрэлтийн үзүүлэлтийг харуулдаг вэб.
Өдөрт 30 саяын хандалт нь том вэб сайтуудын хувьд үлгэр туульс л гэсэн үг. Ави ганцхан хүнтэй хамтарч байгаа нь вэб сайтын дизайнер Дан Конлон.
Том хөрөнгө оруулагч, интернэт зах зээлийн мангасуудын сонирхлыг татаж эхэлсэн энэхүү төсөл Авигийн өрөөнөөс, найзуудтайгаа холбогдон видео тоглоом тоглодог ердийн нэгэн компьютерээс нь гарчээ. Одоо тэрээр вэб сайтаа алдаагүй ажиллаж байгааг хянаж суудаг болсон. Заримдаа 50 цагаар тасралтгүй сууж, онлайн хичээлээ хэдэн долоо хоног таслах хэрэгтэй болж байв.

17 настай хөвгүүний амжилт технологийн том компаниуд, хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүдийн анхаарлыг татаж бүр вэб сайтыг нь найман сая доллараар худалдаж авах санал иржээ. Ави Шиффман сайтдаа зар сурталчилгаа байршуулбал өлхөн 30 сая доллартай болох ч боломж байна.
Гэвч Ави энэ бүх их мөнгөний саналыг эрс няцааж байна. Түүний орлогын ганц эх үүсвэр нь гурваас илүү евро хандивлаж болдоггүй бичил хандивын Ко-Fi платформ юм. “Намайг дэмждэг, тусладаг хүмүүсийн тусламжтайгаар би вэб сайтаа зар сурталчилгаагүй байлгах болно. Sponsors, pop-ups, линкүүд, зар сурталчилгаа хэзээ ч энэ сайтад байршихгүй. Үүнийг та бүгдэд амлаж байна. Ко-Fi-гоор дамжуулж намайг дэмждэг та бүхэнд талархлаа.
Энэ сайтын зорилго нь тахлын тухай шуурхай мэдээллийг дамжуулах, мөнгө олох биш. Мөнгө олох өөр арга, боломж надад гарч ирнэ. Одоо тогтоосон харилцаа, холбоогоо би мөнгөнөөс хавьгүй илүү үнэлдэг” хэмээн 17 настай “Стив Жобс” өгүүлж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549